Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

П.Батчулуун эмчийг суллуулахыг шаардаж гарын үсэг цуглуулна гэв

П.Батчулуун эмчийг суллуулахыг шаардаж гарын үсэг цуглуулна гэв
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 28
“Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд "Манай эмч нар эрхтэн шилжүүлэх суулгах мэс заслыг маш сайн, өндөр түвшин хийдэг. Тэднийг яг хажуугаас нь харвал түргэн шуурхай цаг минуттай уралдаж байдаг. Мөн тоног төхөөрөмжийн хувьд маш сайн. Бид эмчээ аврах гээд гарын үсэг цуглуулж, гадуур хөөцөлдөж л байна. Донороо хүлээж буй олон хүнд өвчтөнүүд байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эрэлт жилээс жилд нэмэгдсэн. Манай эмч нар 30 жилийн турш эрхтэн шилжүүлэх хагалгааг хийж байна. Хамгийн анх 1996 онд энэ хагалгааг хийсэн. Энэ хагалгаа нь дархлаа судлаач, мэс заслын эмч, сэтгэл зүйчид гээд олон хүн багаараа ажилладаг онцлогтой. Манай улс энэ төрлийн хагалгааг улам сайн хөгжүүлэх шаардлага бий. Үүнээс гадна донор болж, хүний амь аварсан талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгөх нь зөв” гэсэн байр суурь илэрхийллээ. Мөн “Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас П.Батчулуун эмчийг суллуулахыг шаардаж гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдлээ.
“Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын гишүүн Мөнхжаргал: Би Монгол Улсад гурав дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүн байна. Энэ амьдралд эргэж төрөөд 14 жил болж байна. Өнөөдрийн байдлаар УНТЭ-т П.Батчулуун, О.Сэргэлэн эмчийн ахалсан баг хамт олон 310 дахь хүнийхээ амийг аварсан. Хавдар судлалын үндэсний төв дээр 198 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Бид энэ эмч нарын байгуулсан гавьяаны тод жишээ. Энэ олон хүний амийг авраад цаана нь хэчнээн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж байгаа билээ. Тэгэхээр юутай ч зүйрлэж болохгүй гавьяа байгуулсан, нөр их ажлыг эхлүүлсэн хүнээ шоронд суулгачхаад байна. Тэнд эмчийн амь дээсэн дөрөөн дээр байна.
“Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн н.Өлзийбаяр: 2023 онд дэлхий даяар 172400 эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн байна. Үүний бөөр, 20 хувь нь элэг, үлдсэн хувиуд нь зүрх, нойр булчирхай, уушги, гэдэс зэрэг бий. Зөвхөн диализад ороход хүргэдэг бөөрний архаг өвчин гэхэд 2006 оноос хойш халдварт бус өвчлөлийн 50 гаруй хувийг эзэлж байна. Энэ нь дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүний 850 сая гаруй нь бөөрний ямар нэг өвчтэйг илтгэж байна. Эдгээрээс 6 сая нь диализ буюу бөөр орлох эмчилгээнд орж байгаа. Манай улсад 2006 онд бөөр орлох эмчилгээ эхлэхэд 40 гаруйхан хүнтэй байсан. Харин бөөр  орлох эмчилгээ шаардлагатай хүмүүсийн тоо 2010 онд 500, 2020 онд 1200, 2025 онд 2900 орчим хүрээд байна.  Энэ 2900 орчим хүний 695 нь бөөр хүлээх жагсаалтад байгаа.
Энэ тоо бага биш. Яагаад гэвэл сая хүн тутамд бөөр шилжүүлэх эмчлүүлэгчдийн тоогоор хамгийн олон нь Тайван улс байдаг. Тодруулбал, Тайван улс сая хүн тутамд бөөр шилжүүлэх эмчлүүлэгчдийн тоо 3500 байна. Хүн амд нь үржүүлэхээр 82700 болж байгаа юм. Дараа нь Япон, Тайланд, Сингапур гээд Азийн улсууд, Америк, Мексик, Португал гээд явна.Элэгний хорт хавдраас шалтгаалсан нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээр байрт жагсаж байна. Одоо 400 гаруй элэг солиулах хагалгаанд хүлээх жагсаалтанд байгаа юм билээ. Тэгэхээр дэлхийн бүх улс орны иргэд Үндсэн хуулиараа эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй ч гэсэн өвчлөл нэмэгдсээр байна.
Дээр дурдсан тоо баримтууд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ төдий чинээ шаардлагатай байгааг илтгэж байгаа юм. Ийм учраас 2007 онд 70 орчим байсан элэг, бөөр суулгуулсан хүний тоо одоогийн байдлаар Монголд шилжүүлсэн нь 907, гадаа улсад шилжүүлсэнтэйгээ нийлээд 1200-руу дөхөж байна. Үүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлсэн 33 хүн байдаг юм билээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ 1954 онд АНУ-д анх үүссэн. Түүнээс найман жилийн дараа буюу 1962 онд кадавр донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ эхэлсэн. Дэлхий нийтээр нэвтэрсэн энэ эмчилгээ олон салбарын хамтын үйл ажиллагааны үр дүнд цогцоороо урагшилдаг. Тэгэхээр энэ эмчилгээ манай улсад ч гэсэн ухрах эрхгүй урагшилмаар байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ Монгол Улсад 1996 оноос эхэлсэн. Тиймээс энэ эмчилгээ бол 30 орчим жилийн олон салбарын хөдөлмөр юм. Иймд үүнийг үгүйсгэж болохгүй.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн