Open iToim app
Парламент | 4 мин уншина

УИХ Үндсэн хуулийн цэцийн I, III дүгнэлтийг хүлээн авлаа

УИХ Үндсэн хуулийн цэцийн I, III дүгнэлтийг хүлээн авлаа
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 27
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ хуралдаанаар хоёр асуудалтай холбоотой Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
 Сонгуульд бие даан нэг дэвшигч 801-ээс сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагагүй болов
 Эхнийх нь Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2, 31.3, 33.4 дэх хэсгүүдэд заасан бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны I дүгнэлтийг УИХ хүлээн авлаа.
 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.”, 31.3 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.”, 31.4 дэх хэсэгт “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.
 Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”,  Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. …”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг өнөөдөр УИХ хүлээн авлаа.
Улсын Их Хурлын гишүүн ажлын тайлан тараах, уулзалт хийхийг түдгэлзүүллээ
 Хоёр дахь нь, Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 41.9, 44.6 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн ажлын тайлан тараах, уулзалт хийхтэй холбоотой заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын III дүгнэлтийг мөн УИХ хүлээн авлаа. 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.
 Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг УИХ хүлээн авлаа.
УИХ Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан I, III дүгнэлтийг хүлээн авснаар Улсын Их хурлын сонгуулийн тухай болон бусад хуулиудад холбогдох өөрчлөлтийг хийх юм байна.
 
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн