Төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөллийн зүгээс өнөөдөр /2025.03.27-нд/ Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэхийг шаардаж мэдээлэл хийлээ. Мөн үүнтэй холбоотойгоор ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хүргэж Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөн дүнг 500 мянган төгрөг болгох боломжгүй. Харин ээжүүдэд гурван жилд сар бүр 50 мянган төгрөгөөр олгох уу эсвэл хүүхдийг 0-6 сар хүрэх хүртэл 100-150 мянган төгрөгөөр олгох уу гэдэг тооцоолол хийж байгаа гэж мэдэгдэв.

Төрийн бус байгууллагын төлөөлөл Г.Хажидмаа: Сонгуулийн үеэр Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмнэ гэсэн амлалтыг Ардын намынхан өгч байсан. Их хурлын дэд дарга болсон Х.Булгантуяа Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг оны дараа нэмнэ гэж иргэдийг хуурсан. Одоо хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Сонгууль ч дууссан, сайд нь ч солигдлоо. Харин амлалт нь биелэгдээгүй байна. Шинэ сайдын ярьж байгаагаар нэг удаа олгодог юм уу эсвэл нэгээс зургаадугаар сар хүртэл мөнгөн дүнг өсгөөд 150,000 мянган төгрөг олгох талаар ярьж байна. Мөн ялгавартайгаар олгоно гэх мэт янз бүрээр яригдлаа.
Сар болгоны 20-нд цалинтай ээжийн 50,000 төгрөг олгогддог байсан. Гэтэл энэ сарын мөнгө олгогдоогүй гэж маш олон ээж тасралтгүй холбогдож байна. Бидний зүгээс Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг цалингийн доод хэмжээнд хүргэе гэсэн хүсэлтэй байгаа юм. Ээжүүдэд олгож байгаа 50,000 төгрөг нь халамж биш юм. Иргэндээ чиглэсэн бодлогоор дэмжигдсэн чухал ажил учраас нэмэх шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газар МАН, АН, Хүн нам нэгдэж байгуулагдсанаар маш том данхайсан бүтэц болсон гэж бодож байна. Монголын ээж нарын төлөө дуугараад Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмүүлье гэх нэг ч сэтгэлтэй Их хурлын гишүүн алга. Одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд арай л дэндүү байна. Өмнөхөөсөө ялгагдаад байх юм алга. Юуны төлөө Их хурлын гишүүн болсон юм. Юуны төлөө ард түмний саналыг авч сонгогдсон юм. Эдгээр иргэд та нарыг дуу хоолойгоо болгохын тулд л сонгосон. Гэтэл нэг нь ч ээжүүдийн төлөө дуугараад гараад ирэхгүй байна. Ээжүүдийг нэг удаа төрөхөд нь тэтгэмж болгоод ганц удаа 1 сая 500 мянган төгрөг олгоё эсвэл 1-6 сарын хооронд 150 мянган төргөг олгоё гэх юм. Эдгээр өөрчлөх бодлого, шийдлүүд нь одоогийн 50,000 төгрөг олгож байгаагаасаа ч муу шийдвэр юм.
Ээжүүд яг юу хүсээд байна гэвэл хүүхдийг 3 нас хүртэл нь цалинтай гэх нэр өгсөн л юм бол энэ мөнгөн дүнгээ цалингийн доод хэмжээнд хүргээд өгөөч ээ л гэх асуудлыг ярьж байгаа юм.
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: Хөтөлбөрийн нэр нь Цалинтай ээж гэснээ олгож байгаа тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ч хамаагүй, цалингийн хэмжээтэй ч хамаагүй юм. Энэ бол уг нь тэтгэлэг юм. 0-3 нас хүртэлх хүүхдээ харж буй ээжүүдэд сар бүр 50,000 төгрөг олгож байгаа. Улсын хэмжээнд 170,000 орчим ээж энэхүү тэтгэлгийг авч байна. Одоо үүнтэй холбоотой асуудлыг Халамжийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Цаашдаа халамжийн хуулиар олгож буй бүх хөтөлбөрийг эргэж харах хэрэгтэй болсон.
Хүүхдийн мөнгийг ч халамжийн хуулиар олгож байгаа. Жилд улсын төсвөөс халамжид 2.4 их наядыг зарж байна гэж ярьдаг. Гэтэл 2.4 их наядын 1.7 их наяд нь дангаараа хүүхдийн мөнгө юм. Цаашдаа халамжийг зорилтот бүлэг рүү нь тодорхой чиглүүлэх зорих болно. Цалинтай ээжийг халамж гэж бодохгүй байна. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд явагдах ёстой. Хүүхдийн мөнгө болон Цалинтай ээжийг халамж гэж харахгүй байгаа.
Төсвийн орон зай бага байгаа учраас гурван жилд сар тутамд 50,000 төгрөгөөр олгох уу эсвэл 0-6 сард нь 100-150 мянган төгрөгөөр олгох уу гэх мэт тооцооллоор ярихгүй бол сарын 500 мянган төгрөг болгоно гэх тооцоололгүй мэдээлэл гаргаж болохгүй.