Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн шинэ зүйл нь урьд өмнө олдож байсан зүйлээс хамгийн том, мөн ховор олдворт тооцогдож байгаа аж. Тодруулбал, аарцагны хэсэг, хоёр гар, олон тооны нугалам бүхий 90 сая жилийн настай олдворыг 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын орчмоос олж, шинжлэх ухааны нэрээр Дуоничус Цогтбаатар гэж нэрлэжээ. Уг овгийн нэр нь "хоёр сарвуу" гэсэн утгатай бөгөөд зүйлийн нэрийг нь Монголын палеонтологичХишигжавын Цогтбаатарын нэрээр нэрлэсэн юм.
Дуоничус бол Юрийн галавын ертөнцийн ноёрхол кинонд гардаг Теризинозаврын садан юм. Японы Хоккайдогийн их сургуулийн Ёшицугу Кобаяши болон түүний хамтрагчид уг үлэг гүрвэлийг гурван метр орчим урт, 270 кг жинтэй байсан гэж тооцоолжээ. Дуонихусын сарвуу нь бараг 30 см урт аж. Гартаа гурван хумстай байдаг Теризинозаврын төрөл төрөгсдөөс ялгаатай нь энэ зүйл ердөө хоёрхон хумстай байсан байна.
Канадын Калгаригийн Их Сургуулийн багийн гишүүн Дарла Зеленицки хоёр хуруутай теризинозаврыг олсон нь үнэхээр гайхалтай гэдгийг тодотгоод "Энэ бол өнөөг хүртэл олдсон хамгийн том бүрэн хадгалагдсан 3D үлэг гүрвэлийн хумс. Эрдэмтэд сарвуу нь ургамлыг шүүрч авах, зулгаахад дасан зохицсон гэж үздэг. Цөөн хуруутай байснаар илүү хүчтэй, уян хатан болж, илүү чанга атгах боломжийг олгоно” гэжээ.
Монголын говь цөл нь эрт дээр үеэс чулуужсан олдворуудын халуун цэг байсаар ирсэн бөгөөд энэхүү сүүлийн үеийн олдвор нь теризинозаврын олон янз байдлын талаарх эрдэмтдийн ойлголтыг нэмэгдүүлж байна. Судлаачид Дуоничус хэрхэн амьдарч, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харьцаж байсан талаарх дүн шинжилгээ, судалгааг хийсээр байгаа аж.