Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Сурвалжилга: Улаанбаатар хотоос яг юу үнэртээд байна вэ

Сурвалжилга: Улаанбаатар хотоос яг юу үнэртээд байна вэ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 27
Улаанбаатар хотоос үнэртэх таагүй үнэртэй холбоотойгоор I хороолол орчмоос сурвалжилга бэлтгэлээ. Нэгдүгээр хороолол орчимд очиход бохир гэхэд бохир биш, юм шатааж байгаа юм шиг эхүүн үнэр үнэртэнэ. Тэр орчмын айлууд энэ эхүүн үнэр олон жил үнэртэж байгаа гэв. Гэхдээ энэ үнэ ганцхан нэгдүгээр хорооллоос ч биш, Яармаг, III, IV хороолол гээд бүх газар үнэртэж байх магадлалтай. Улаанбаатар хотоос яг юу үнэртээд байгааг иргэдээс тодруулсан юм.
undefined
Иргэн Б.Наранцэцэг: Манай ажил Москва хорооллын энэ хавьд байдаг. Энэ хавиас ер нь л бохирын үнэр ч юм шиг, юм шатааж байгаа үнэр эсвэл хөгцөрсөн юмны үнэр их үнэртдэг. Ойрын хоёр өдөр салхитай болоод ч тэр үү муухай үнэр нь арай гайгүй байна. 
Иргэн Ш.Төгсцэцэг: Манай гэр Яармагт байдаг. Оройн цагаар бол тэсэшгүй муухай үнэр үнэртдэг. Ялангуяа сүүлийн 7 хоногт маш муухай үнэртэй байлаа. Миний бодлоор цэвэрлэх байгууламжийн үнэр гэж бодож байгаа. Энэ үнэр жил болгон л үнэртэж байдаг. Өнгөрсөн өвөл бүр ч аймар үнэртэй байсан. Заримдаа арай гайгүй байж байгаад гэнэт л ялгадасны гэмээр муухай үнэр гэрээс үнэртэж эхэлдэг. Төв цэвэрлэх байгууламжийнхаа нэмэлтийг барихгүй л бол одоо байгаа хүчин чадал нь дийлэхгүй байгаа байх. 
Иргэн Ш.Эрдэнэчимэг: Энэ үнэрийг цэвэрлэх байгууламжийн л үнэр гэж бодож байна. Өвөл Сонсголонгийн тэр хавиар явах үед муухай үнэр үнэртэж л байдаг. Ер нь жил болгон л ийм муухай үнэртэй байх юм. Зун, хаврын улирал гэлтгүй л салхины чигээрээ их үнэртдэг. Энэ асуудлыг ерөөсөө шийдэхгүй байна. Яриад л байдаг болохоос огт янзалж байгаа зүйл алга. Янзалж байна гэж их ярина гэтэл бодитой үр дүн харагдахгүй хэвээрээ л байна. 
Иргэн Д.Цогт-Очир: Нэгдүгээр хороолол, Таван шарын энэ хавьд бол байнгын л муухай үнэр үнэртэж байна. Цэвэрлэх байгууламжийн үнэр юм уу, сайн мэдэхгүй л байна. 3, 4-р хорооллын тэр хавьд арьс ширний үйлдвэр байдаг. Үүнээс мөн маш муухай үнэр ханхалдаг. Би гайхдаг л юм, тэр хавийн хүмүүс яаж ийм муухай үнэр үнэртээд амьдраад байдаг юм. Би хөдөөний хүн, жилдээ хоёр удаа л хотод орж ирдэг. Намайг ирэх болгонд л ийм муухай үнэр үнэртэж л байдаг. Ирэх биш төрд байгаа хүмүүс энэ үнэрийн асуудлыг бодож л байгаа байх. Монголын нийслэл Улаанбаатар хотоо муухай үнэртэй хэвээр нь байлгаад байхгүй болов уу. Манай улс гадаадын жуулчдыг хүлээж авах тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэтэл улсын нийслэл нь бохирын муухай үнэртэй байгаад байж болохгүй. Зөвхөн энэ хавьдаа гэлтгүй хот бүхэлдээ л муухай үнэртэй байна даа. 
Иргэн Ц.Жаргал: Дорнод аймгаас хотод ирээд нэг сар болох гэж байна. Хотын үнэр бол үнэндээ хэцүү байна. Ялангуяа оройн цагаар бол бүр ч муухай үнэртэй, гэртээ цонхоо нээж агаар оруулъя гэх ямар ч боломж алга. Утааны хувьд үнэхээр хэцүү байна. Гэтэл хүмүүс харин ч одоо гайгүй болчхоод байна гэж ярих юм. Энийг гайгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Олон жил л утааг бууруулна гэж яриад өчнөөн тэрбумаар л мөнгө төгрөг зарцууллаа. Сайжирсан юм огт алга. Хотоос ирсэн хүүхдүүдээ нэг үнэрлэхэд л тэр аяараа утаа униар ханхалж байгаа юм. Миний даралт хэвийн байхдаа ч хотод бол байнгын толгой өвдөж, дотор муухай оргиж байна. Надад бол одоогийн нөхцөл байдал нь түүхий нүүрс хэрэглэдэг байсан үеэсээ ч дор болсон гэж бодогдсон. Төр засаг л энэ асуудлыг шийдэж өгнө дөө. Ард түмэн бол яаж ч чадахгүй.
Тэгвэл энэ үнэр  яг юу болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулсан юм.
undefined
Цаг уур, орчны шинжилгээний газрын, Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Өнөрбат: Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 цэгт 24 цагийн туршид тасралтгүй 15 минут тутамд хэмжилт судалгааг хийж байгаа. Энэхүү судалгаанд агаарт байх түгээмэл зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 10 тоосонцор, PM 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн энэ зургаан бодисын хяналт шинжилгээг хийдэг. Судалгааны мэдээллүүд хоног тутамд тасралтгүй гарч байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл 2025.03.24-ний өдрийн байдлаар гарсан байна.
Нийт 19 агаарын чанарын автомат харуулд хүхэрлэг хийнд стандарт түвшнээс давсан үзүүлэлт байсангүй. Азотын давхар ислийн хувьд 3-112 микрометр кубийн хооронд хэлбэлзсэн байна. Хамгийн өндөр агууламж илэрсэн цэг гэвэл Нэгдүгээр хороолол орчим 112 микрометр куб буюу агаарын чанарын стандартаас 2.2 дахин их байжээ. PM10 тоосонцор 35-143 микрометр кубын хооронд хэлбэлзсэн байна. Үүнээс хамгийн их бохирдол илэрсэн цэг гэвэл Цахилгаан станц орчимд стандартаас 1.4 дахин их байсан. PM2.5 тоосонцор 3-78 микрометр кубын хооронд хэлбэлзсэн. Хамгийн их бохирдолтой цэг нь Таван буудал орчимд агаарын чанарын стандартаас 1.5 дахин их байжээ. Нүүрстөрөгчийн дутуу исэл болон озоны хувьд стандарт хэмжээнээс давсан тохиолдол байсангүй. 
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод тархаад байгаа үнэртэй холбогдуулж хэлэхэд өнгөрсөн 7 хоногийн мэдээ болон 2025.03.24-ний өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний мэдээллээс харахад үнэртэй бол ямар нэгэн холбогдолгүй байгаа. Ойрын өдрүүдэд нэлээдгүй салхи, шуургатай байна. Зарим газарт хур тунадас орж байгаа тул агаарын бохирдол харьцангуй бага түвшинд байгаа. Тэгэхээр тархаад байгаа үнэртэй бол холбогдолгүй. Магадгүй төв цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа үнэр гэж таамаглаж байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар даяар үнэртэж байгаа энэ үнэрийг цэвэрлэх байгууламжийн үнэр гэж таамаглаж байна. Гэхдээ яг баттай хариулт авч чадаагүй юм. Тэгвэл агаарт тархаад буй эхүүн үнэр хүний биед ямар нөлөөтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулав.
undefined
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Оюун-Эрдэнэ:  Агаарын бохирдуулагчдыг эх үүсвэрээс нь хамаараад мөн хүний биед үзүүлэх нөлөөллөөс нь хамаараад түгээмэл бохирдуулагч, түгээмэл тархалттай бохирдуулагч, физикийн бохирдуулагч болон өвөрмөц бохирдуулагчид гэж авч үздэг. Өвөрмөц бохирдуулагчид болон түгээмэл бохирдуулагч дотор үнэрийн бохирдуулагч нь байдаг. 
Сүүлийн үед иргэдийн мэдээлж байгаагаар 21-р хороолол болон Нэгдүгээр хороолол орчимд төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй үнэрийн бохирдол явагдаж байна гэсэн. Үүнээс гарч буй үнэрийн бохирдол нь ихэвчлэн хүхрийн хүчиллэг хийнүүд болон хүхэрт устөрөгчүүд гэх мэт дандаа олон төрлийн дэгдэмхий органик нэгдлүүд ялгарч байгаа юм.
Эдгээр нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэвэл хамгийн түрүүнд сэтгэл санааны тавгүй байдлыг үүсгэж хүний стрессийн түвшнийг нэмдэг. Мөн толгой өвдөх, хамар битүүрэх, нүд, хамар, хоолой загатнах, дуу хоолойнд нөлөөлөх гэх мэт олон шинж тэмдгийг үзүүлдэг. Шинж тэмдэг хэлбэрээр илрэхээс гадна цаашлаад байнгын үнэрт устөрөгчид болон дэгдэмхий органик нэгдлүүдэд өртвөл архаг өвчлөл ялангуяа халдварт бус архаг өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Цаашлаад үнэрээс үүдэлтэй астматай болох тохиолдлууд гардгийг судлаачид тогтоосон. Гадаад орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийг хэмжих зөвшөөрөгдөх хэмжээний стандарт байгаа. Техникийн зохицуулалттай стандартыг хэмжиж байгаа эсэхийг бид сайн мэдэхгүй байна. 
Монгол Улсад үнэрийн бохирдуулагчтай гадаад орчинд хэмжих MNS 58:85:2008 гэсэн стандарт бий. Энэ нь гадаад орчинд агаарт байх органик болон органик биш бохирдуулагчид мөн цацраг бохирдуулагчдын хүлцэх хэм хэмжээг хэмжих техникийн зохицуулах стандарт юм. Энэхүү стандартын дагуу агаар дахь бохирдуулагчдыг хянаж байх ёстой. Энэхүү бохирдуулагчид хүлцэх хэм хэмжээг давж байгаа тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд байна гэж үзээд зохих арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.
Гэвч энэ стандартыг огт хянахгүй байна. Уг нь стандарт нь байгаад байдаг. Иргэд мэддэггүй болохоор тэд хянадаггүй. Гэтэл энэ стандарт нь бүр цацрагийн түвшинд хянах ёстойгоор тавигдсан байна. Энэ стандартыг хянах ёстой, хийх ч ёстой. Хэрэв хянасан тоо нь байвал энэ дэгдээд буй үнэрийн нөлөө өвчлөл, харшил, хавдарт хэрхэн нөлөөлдгийг нь судлах боломжтой юм. Бидэнд одоо ямар ч тоо байхгүй болохоор юу ч хийж чадахгүй байна гэлээ.
Монгол Улсад агаарын чанар, үнэртэй холбоотой стандарт байдаг боловч огт хэрэгждэггүй юм байна. Ямар ч судалгаа, тоо баримт байхгүй учир юугаар амьсгалаад тэр нь хүнд яаж нөлөөлж байгааг ч мэдэх боломжгүй гэлээ. Ямартай ч Улаанбаатар хот даяар үнэртэх энэ эвгүй үнэр нь хүний биед хортой бөгөөд халдварт бус архаг өвчнийг үүсгэх шалтгаан болно гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. 

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн