Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Х.Нямбаатар, П.Сайнзориг нар Хууль зүйн яамыг удирдаж байхдаа бооцоот тоглоомын гурван тусгай зөвшөөрөл олгожээ

Х.Нямбаатар, П.Сайнзориг нар Хууль зүйн яамыг удирдаж байхдаа бооцоот тоглоомын гурван тусгай зөвшөөрөл олгожээ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 26
Монгол Улсад бооцоот тоглоомыг зохицуулах хууль байхгүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Казиногийн тухай хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барьж байнгын хороодоор хэлэлцэхийг дэмжсэн байдаг. Харин дээрх хуулийн төслүүдийг УИХ эцэслэн баталж чадаагүй гацсан юм.
Тэгвэл Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гурван компанид бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл олгожээ. Тодруулбал, анх 2022 оны есдүгээр сарын 15-нд "Темп партнерс" ХХК-д бооцоот тоглоомын зориулалттай тусгай зөвшөөрөл олгосон байна.
Тус компани нь 2021 оны нэгдүгээр сарын 29-нд байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирал С.Тэмүүжин, эцсийн өмчлөгч Ж.Богд-Эрдэнэ гэсэн бүртгэлтэй байна. Анх байгуулагдахдаа "Веб сайтын үйлчилгээ, Спортын клубийн үйл ажиллагаа чиглэлээр үйл ажиллагаа явуулна" гэж тусгасан ч бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл авахынхаа гурав хоногийн өмнө буюу 2022 оны есдүгээр сарын 26-нд үйл ажиллагааны чиглэлдээ Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа гэж нэмж тусгажээ.
Дараа нь "Эн Зэт Жи Эм" ХХК-д 2023 оны аравдугаар сарын 2-нд тусгай зөвшөөрөл олгожээ. Тус компани 2016 оны аравдугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд Цэцэрлэгжүүлэлт, Жимсний ургамал, жимсний сөөг, самар болон бусад жимс тариалалт, худалдаа, Геологийн суурь судалгаа хийх, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Вэб сайтын үйл ажиллагаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Мэдээлэл технологийн үйл ажиллагаа, Спорт клубын үйл ажиллагаа, Программ хангамжийн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
"Мон Экс Ти Билз" ХХК команид 2023 оны аравдугаар сарын 4-нд тусгай зөвшөөрөл олгожээ. Тус компани 2023 оны нэгдүгээр сарын 3-нд байгуулагдсан бөгөөд онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлжээ.
Манай улс бооцоот тоглоомын хуульгүй ч дээрх гурван компанид бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл олгоод байгаа юм. Олон залуу мөрийтэй тоглоомонд донтон эд хөрөнгөө алдаж, цаашилбал, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэж буй. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал бооцоо таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болсон талаар хэлсэн. Хэрвээ тус хуулийг УИХ баталвал дээрх гурван зөвшөөрөл хүчингүй болно.
undefined
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн