Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Турк болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 1,100 гаруй хүнийг баривчилжээ

Турк болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр  1,100 гаруй хүнийг баривчилжээ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 25
85 сая хүн амтай Турк улсад Истанбул хотын дарга, Ерөнхийлөгч Эрдоганы гол өрсөлдөгч Экрем Имамоглуг баривчилснаас хойш улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж, олон нийтийн эсэргүүцэл хүчээ авч байна.
Гуравдугаар сарын 19-нөөс эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр Турк даяар 1,100 гаруй хүн баривчлагдсан гэж эрх баригчид мэдээллээ. Туркийн эрх баригчид Истанбулын дарга Экрем Имамоглуг авлига, терроризмыг дэмжсэн гэх үндэслэлээр баривчилсан явдлыг улс төрийн өрсөлдөөнөөс зайлуулах зорилготой гэж дэмжигчид нь үзэж, олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Экрем Имамоглуг Ерөнхийлөгч Эрдоганы хамгийн хүчтэй улс төрийн өрсөлдөгч гэж үздэг. Авлигын хэргээр баривчлахаас хэдхэн хоногийн өмнө нам нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээх зэхэж байв. Тэрээр өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргүүдийг улс төрийн зорилготой хэмээн үзэж, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм. 
Имамоглуг баривчилсан нь Эрдоганы эрх мэдлээ улам бүр төвлөрүүлж, авторитар удирдагчийн шинж чанартай болж байгаагийн нэг илрэл гэж шүүмжлэгчид үзэж байна.
undefined
Турк улс дарангуйллын зам руу орж байна уу?
Эрдоган сөрөг хүчний эсрэг шахалтаа улам эрчимжүүлж байна. Имамоглуг баривчилснаас хойш Засгийн газар Истанбул руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, интернэтийн хурдыг сааруулж, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаалын талаар бараг мэдээлэхгүй байна.
Истанбулд ажилладаг бие даасан эдийн засагч Арда Тунжа “Турк улс дарангуйллын ирмэгт ирлээ. Гуравдугаар сарын 18-наас хойш өрнөж буй үйл явдалд ард түмэн хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс улсынх нь ирээдүй шийдээгдэх болно” гэж хэлжээ.
Харин ерөнхийлөгч Эрдоган жагсагчдыг “эмх замбараагүй байдал өдөөж буй танхай этгээдүүд” хэмээн нэрлэж, тэдэнд бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, жагсаалын үеэр 120 гаруй цагдаа гэмтсэн бөгөөд үүний хариуцлагыг сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Нам (C.H.P.) үүрэх ёстой гэж Эрдоган мэдэгджээ.
Лирийн уналт ба эдийн засгийн хямрал
Эсэргүүцлийн жагсаалын улмаас Туркийн эдийн засаг хүнд цохилтод ороод байна. Улсын Төв банк лирийн ханшийг тогтвортой байлгахын тулд өнгөрсөн долоо хоногт 12 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц зарцуулсан гэж “Financial Times” сонин гуравдугаар сарын 21-нд мэдээлсэн. Уг явдлыг шинжээчид "Ерөнхийлөгч Эрдоганы улс төрийн бодлого дахин нэг удаа Туркийн эдийн засгийн төлөвт ноцтой хохирол учрууллаа" гэж онцолжээ.
Имамоглуг баривчилснаас хойш Туркийн хөрөнгийн зах зээл уналтад орж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан боловч хэсэг хугацааны дараа бага зэрэг сэргэжээ. Гэвч шинжээчид Туркийн лирийн ханш тогтворгүй хэвээр байж, эдийн засгийн хямрал удаан үргэлжлэх төлөвтэй гэж үзэж байна.
undefined
Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын олон шүүмжлэгчид 20 гаруй жил засгийн эрх барьсан 71 настай Эрдоганы үед Турк дарангуйллын зам руу орж буйг анхааруулсаар ирсэн.
Teneo зөвлөх компанийн дэд ерөнхийлөгч Вольфанго Пикколи:
"Эрдоган Туркийг бүрэн автократ улс болгохыг зорьж байна. Өнгөрсөн арван жилд манай улсын засаглал өрсөлдөөнт авторитар хэв маягтай байсан бол одоо тэр бүрэн дарангуйлал руу явж байна."
Эрдоганы бүрэн эрхийн хоёр дахь хугацаа 2028 онд дуусна. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч хоёр удаа л сонгогдох эрхтэй боловч парламент хугацаанаас өмнө сонгууль зарлавал тэрээр дахин нэр дэвших боломжтой юм. Хэрэв Имамоглу хууль эрх зүйн асуудлуудаа даван гарч чадвал 71 настай Эрдогантай 2028 онд шууд өрсөлдөх магадлалтай байгаа аж.
Пиколи Имамоглугийн эсрэг үйл ажиллагааг ганц улстөрчийн хувь заяанаас хамаагүй өргөн хүрээтэй асуудал гэж онцлоод "Энэ бол Турк улс хэврэг ч гэсэн ардчиллын зарчмуудаа хадгалах уу, эсвэл бүрэн дарангуйлал руу хальтирах уу гэдгийг шийдэх чухал асуудал юм" гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн