Намын гишүүд нь намын дарга, Ерөнхий сайдаа дэмжихгүй эсрэг байр суурь илэрхийлж байгаа нь МАН-ын удирдлагуудад таалагдахгүй байгаа бололтой.
Учир нь, өчигдрийн бүлгийн хуралдаа УИХ дахь бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төслийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцжээ. Тодруулбал, бүлгийн гишүүдэд оноо өгч, Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй, эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх журмыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулсан байна. Мөн өчигдрийн бүлгийн хуралд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хаалттай хуралдсан юм.
Уг журмын төсөлд хамгийн их оноогоо хасуулсан буюу удаа дараа бүлгийнхээ гаргасан шийдвэрээс эсрэг байр суурь илэрхийлж, оноогоо хасуулсан гишүүддээ цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ямар нэгэн албан тушаалд томилохгүй байхаар журамд тусгах аж. Мөн бүлэг дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтад оролцоогүй гишүүдээс ч оноо хасахаар төсөлд тусгасан байна. Журмын төслийн 6.2-т нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 10 гишүүтэй бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж анхааруулга өгнө, 6.3-т анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж тусгажээ.
Харин бүлгийн гишүүд тус журмыг дэмжихгүй, бүлгийн хурал нэлээд ширүүн болж, журмаа баталж чадаагүй байна. Тиймээс ирэх 7 хоногийн бүлгийн хурлаар тус журмыг дахин хэлэлцэхээр болжээ.