УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн. Улсын их хурлын дарга айлчлалынхаа хүрээнд Англид сурч, ажиллаж байгаа монгол залуусын төлөөлөлтэй уулзаж, улс орны хөгжлийн талаар санал солилцсон байна. Тэдэн дундаас Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэг, Английн Засгийн газрын дэргэдэх “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур" инновацын төвийн ахлах зөвлөх Б.Маралыг онцолж байна.
Английн шилдэг залуу эрдэмтэн Б.Марал
-Б.Марал нь 2021 онд Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарсан бөгөөд Нэгдсэн вант улсын Хунтайж Альбертын нэрэмжит тэтгэлгийн эзэн болж байжээ. Тэрээр хиймэл дагуулаас авсан өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан гэх мэт томоохон дэд бүтэц нуран унахаас сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах төслөөрөө шилдэг залуу судлаачаар шалгарч байжээ. Энэ нь дэлхийд тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдэх гарц гэж эрдэмтдээс өндөр үнэлгээ авчээ. Энэхүү судалгааны ажлаасаа урам авч, энэ чиглэлээрээ Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар шийдсэн байна.

-Дараа нь Б.Марал Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Тэрээр докторын судалгааны ажлаараа дамжуулан дэлхий дээр ямар ч хяналтгүй байгаа уул уурхайн даланг сансраас хянаж, эрт сэрэмжлүүлэх системийг бий болгох чиглэлээр ажиллажээ. Докторын ажлаараа сансрын зайны тандан судалгаа, хиймэл оюун ухаан ба технологи гэсэн гурван салбарыг нэгтгэж, өгөгдлийн боловсруулалт хийснээр сэрэмжлүүлэх системийг бий болгожээ. Энэхүү судалгааны үр дүнд дэлхий дээр ямар ч хяналтгүй байгаа эдгээр даланг сансраас хянаж, эрт сэрэмжлүүлэх системийг бий болгосноор урьдчилан мэдэж, сүйрлийн эсрэг арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн байна.
Б.Маралын төсөл COP-28 чуулганаас шагнал хүртэв
-2023 онд зохион байгуулагдсан COP28 НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаас Б.Маралын тэргүүлсэн Оксфордын багийн төсөл шинэ шийдэл санал болгосон төслөөр нэрлэж, 100 мянган ам.долларын шагнал хүртэж байжээ.
Тодруулбал, Оксфордын их сургуулийн багийн боловсруулсан “Digital Twins 4 Tailing Dams” гэх төсөл нь уул уурхайн гамшгаас урьдчилан сэргийлэх дохиоллын систем юм. Уг төсөл нь Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны шийдлүүд төрөлд 3000 мянга гаруй бүтээлээс тэргүүн байр эзэлсэн байна.
Тэр үед Б.Марал хэлэхдээ "Би дэлхийн хамгийн их нөөц баялагтай орны нэг болох Монгол Улсаас ирсэн. Уул уурхайн асар их хэмжээний ашиг тусыг ч, мөн болж бүтэхгүй хар бараан талыг ч харсан. Тийм учраас уул уурхайг илүү аюулгүй болгохыг хүсдэг” гэдгийг онцолж байжээ.
Б.Марал: Монгол Улс сансрын технологийг уул уурхай, хөдөө аж ахуй, бэлчээр зэрэг олон салбарт ашиглах боломжтой
Б.Марал УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзах үеэрээ "Монгол Улс сансрын технологийг уул уурхай, хөдөө аж ахуй, бэлчээрийн мониторинг, санхүү, хяналт гэх мэт олон салбарт, өргөн ашиглах боломжтой. Одоо бол санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүдийн гаргаж ирж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан шинэ концепцуудыг сансрын технологи ашиглаад дэлхийн том тогооноос хэрхэн, яаж эх орон руугаа татаж, уул усаа хамгаалах вэ гэсэн бодлого, том зорилготой болсон.
Нар, салхины эрчим хүч, технологийн аль алийг нь хөдөө нутагт хаана тавих вэ, эдгээр технологийг тавьсан тохиолдолд хөрөнгө оруулалтын зардал хэзээ нөхөгдөх, автозамаар холбох гэх мэтийн ажлуудыг хийж болно. Жишээлбэл, Казахстан, Киргизстан зэрэг оронд усан цахилгаан станцууд олноор баригдаж байна. Олноор барьж байгуулаад Энэтхэг улсад экспортлох бодлого төлөвлөсөн. Киргизстан улс гэхэд л чулууны хагарал ихтэй, газар хөдлөлтийн эрсдэл бүхий газар нутагт оршиж байгаа. Сансрын технологи ашиглаад үүнийгээ судалж, тогтоож чадаж байна. Ингэснээр дараагийн станцаа оновчтой, үр ашигтай байршилд байгуулах гэх зэргээр ашиглаж байгаа. Энэ мэт сансрын технологийг ашиглах олон боломж бий. Монгол Улсад ч үүнийг үр ашигтайгаар, олон чиглэлээр ашиглах боломжтой" гэдгийг онцолсон байна.