Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байна

Махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байна
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 24
Өнгөрсөн зургадугаар сараас хойш инфляц тасралтгүй өсөж, 2025 оны хоёрдугаар сарын эцэст 9.6 хувьд хүрээд байна. Дотоодын хүнс болон импортын барааны үнэ өссөн нь инфляцад голлон нөлөөлжээ.

Үнийн өсөлтийн шалтгаан

Үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөж, жилийн инфляцын 2 нэгж хувийг бүрдүүлжээ. Үйлчилгээний салбарын өсөлт даатгал, нийтийн хоол, үсчин, засвар зэрэг үйлчилгээний салбарт голлон ажиглагдсан байна. Энэ нь өрхийн хэрэглээ нэмэгдэж, дотоод эрэлт өссөнтэй холбоотой бөгөөд эрэлтийн өсөлт, үйлчилгээний үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж дүгнэжээ. Нийлүүлэлтийн талаас эрчим хүч болон махны үнийн өсөлт үйлчилгээний үнийг нэмэгдэхэд шууд нөлөөлсөн байна. Тиймээс үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтийн аль аль талаас нь дарамтад орж, өсөлттэй байгаа аж.
Инфляцын өсөлтийн хурд нэг оронтой тоонд байгаа хэдий ч цаашид өссөөр хоёр оронтой тоонд хүрнэ гэдгийг анхааруулж байна. Инфляц өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь мах, гурил зэрэг дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ болон сүүлийн улиралд нэмэгдсэн цахилгаан, эрчим хүчний үнэ аж. Мөн цалин, тэтгэврийн өсөлт нь бараа, бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөж байна.
Хүнсний бус импортын барааны хувьд хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, тээврийн хэрэгслийн үнэ өссөн бөгөөд хамгийн өндөр өсөлттэй нь тээврийн хэрэгсэл байна. Дараагийн хамгийн өндөр өсөлттэй бараа нь мах, махан бүтээгдэхүүн аж.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 2-3 жилийн дунджаас хоёр дахин өндөр өсөлттэй байгаа юм. Үүний шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд өнгөрсөн өвөл зудын улмаас 9.4 сая мал хорогдсоноос мах нядалгаа багасаж, нийлүүлэлт буурсан байна.
Мөн намрын сүүл, өвлийн эхэн сард дулааралт ажиглагдсанаас мах нядалгааны хугацаа сунжирч, хөлдүү махны нөөц багассан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна мах хадгалдаг зоориудын түрээсийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн тооцсоноор махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байгаа аж.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн