2024 оны жагсаалын хуучин зураг ашиглав.
Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа ч нийтийг хамарсан томоохон жагсаал цуглаан, эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнөлгүй харцангуй ажин түжин байсаар хавартай золгосон. Иргэд юу юугүй талбайд гарчихгүй өдий хүрсэн нь шинэ жил, цагаан сар, март, цэргийн баяр... гээд шилээ дарсан олон баяруудтай ч холбоотой. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулах явц намрын чуулганы завсарлага болон нийтийг хамарсан том баяртай давхацсан учраас төдийлөн өндөр аваагүй билээ.
Тэгвэл ойрноос цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг залуусыг тодорхойгүй шалтгаанаар, тодорхойгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нэрийн дор эд зүйлсийг нь хураан авах, олон нийтэд утга учиргүй олон үзүүрт мэдээлэл тараах зэргээр хачирхалтай үйлдэл хийсэн нь олны дургүйцлийг чамгүй өрдөж орхилоо. Салбарын сайд нь ч сандарсан байдалтай ойр ойрхон буруу зөрүү мэдээлэл өгсөн нь асуудлыг хуулийн байгууллагын бие даасан үйл ажиллагаа гэхээс илүүтэй Засгийн газрын зохион байгуулалттай “жүжиг” гэж хардахад хүргэв. Нөгөөтэйгүүр, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хэн нэгнийг шалгахын нэрээр бүтэн редакцын ажлыг тасалдуулсан нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн шинжийг агуулаад зогсохгүй олон нийтийн мэдэх эрхэд ноцтойгоор халдаж буй хэрэг боллоо.
Зөвхөн энэ мэт үйл явдлаас шалтгаалан Засгийн газарт хандах иргэдийн итгэл, үнэлэмж илт буурч, эсэргүүцэл бухимдал идэвхжиж эхлээд байна. Сүүлийн үед ялангуяа Ерөнхий сайдын рейтинг огцом унасныг улс төрийн барометрээс харж болно. Мөн дээрээс нь Засгийн газрын зарим сайд гадаадад айлчлах үеэрээ оны өмнөхөн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хамгийн их бухимдуулсан Евоазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай асуудлыг сэм эцэслэн тохироод ирсэн нь ойрын өдрүүдэд нийгэмд дахин маргаан дэгдээх нь тодорхой боллоо. Яагаад гэвэл уг холбоонд багтдаг Балтын тэнгисийн таван оронтой өмнө /2023 онд/ хийсэн худалдааны тэнцлийг харвал импортын дүн 2.5 тэрбум, экспорт дөнгөж 143 сая доллар буюу бараг 100 хувь алдагдалтай гарсан байдаг. Гэтэл эдийн засгийн хувьд өндөр эрсдэлтэй, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн хортой энэ шийдвэрийг хөшигний ард гаргаж, хилийн цаана хэлэлцэж буйд бизнес эрхлэгчид бухимдсаар байгаа.