Өргөн уудам нутагтай Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа улсуудын нэг бөгөөд дэлхийн дунджаас гурав дахин хурдан дулаарч байна. Температурын өсөлт, цаг агаарын эрс тэс уур амьсгал, ган гачиг, үерээс эхлээд гэнэт хүйтрэх, огцом халах зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа билээ. Үүний үр дагавраас гадна зуд гэгддэг байгалийн гамшиг үе үе тохиож байна. Малчин Зандан AFP-д өгсөн ярилцлагадаа “Бид маш сайхан амьдардаг байсан. Гэвч малаа алдаж, одоо амьдрахын төлөө тэмцэж байна” гэжээ. Хоёр охин нь өнгөрсөн жил нийслэл Улаанбаатарт их сургуульд орох ёстой байсан ч ар гэрийнхэн нь сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ.

Жаргаж буй нар хээр талд урт сүүдрээ тусгахад Зандан зузаан ногоон өнгийн хүрэм өмсөн гадаа алхаж, ямааны тоо толгойг өсгөж чадвал цаашдаа охидынхоо сургуулийг санхүүжүүлж магадгүй гэсэн эерэг сэтгэлгээтэй байгаагаа хэлэв. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн ажилчдад болон Зандангийн хувьд тулгамдаж буй асуудал нь зуд болоод байна. Зуд 10 жилд нэг удаа тохиолддог байсан бол НҮБ-ын мэдээлснээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зургаан удаа зуд болоод байна. Зуны улиралд хуурайшилт ихтэй байгаа нь мал таргалах, өвлийн улиралд өвс тэжээл бэлтгэхэд хүндрэл учруулж байна. Зандан Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Би бусад олон малчны нэгэн адил үргэлж тэнгэр өөд харж, цаг агаарыг урьдчилан таамаглахыг хичээдэг. Гэхдээ таамаглах улам хэцүү болж байна" хэмээн ярьж байна.

36 настай Даваагийн Энэболд өнгөрсөн өвөл 100 гаруй ямаа, 40 гаруй хонь, гурван үхрээ алдсан байна. "Энэ бол бидний орлогын гол эх үүсвэр учраас бидэнд маш хүнд байсан” гэв. Монголчуудын дөрөвний нэг нь нүүдэлчин амьдралтай хэвээр байгаа ч сүүлийн хэдэн арван жилд хэдэн зуун мянган хүн тал нутгийг орхин хотын төвүүд, тэр дундаа нийслэлийг зорьжээ.