Шүүхээс өнөөдөр Ноорог медиагийн ажилтан А.О-г нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Үүний дараа Ноорог медиагаас албан ёсны хоёр дахь мэдэгдлийг гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Юуны өмнө бидний бяцхан редакцын зүгээс Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн, цагдаагийн нийт алба хаагчдын нэр төрд сөргөөр нөлөөлөх, цаашлаад ХЗДХЯ-ны үйл ажиллагааг олон нийтэд буруугаар ойлгуулах үйл явдлууд гарч байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна.
“Ноорог Креатив Студио” ХХК-ийн зүгээс 2025 оны 3 сарын 17-ны өдрөөс эхлээд биднийг хууль бусаар саатуулсантай холбоотой бүх гомдол, мөрдөн шалгах ажиллагааны процесс алдагдсан, хүний эрх зөрчсөн, мөрдөн шалган ажиллагааны нууц задруулсан, санаатайгаар, зохион байгууллалттайгаар худал мэдээлэл тараасан асуудалд хуулиар олгосон боломжийнх нь хүрээнд арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
Өчигдөр орой буюу 2025 оны 3 сарын 20-ны өдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагаас Ноорог-ийн ЗАЛУУС, Ноорог-ийн хамт олны зүгээс цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн худал мэдээллийг тараасан. Тус мэдээлэлд дурдсан агуулга, олон иргэний нэрийн товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй болохыг мэдэгдэж байна.