Монгол Улсын Бөөр шилжүүлсэн суулгах үндэсний багаас П.Батчулуун эмчийн асуудал болон бөөр шилжүүлэн суулгаж байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс тархины үхэлтэй донор хүлээж байгаа ч П.Батчулуун эмчийн асуудал гарснаас хойш донор олдох найдвар багасаад байгаа аж.
Монгол Улс 1996 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн ч амжилтгүй болж байжээ. Тиймээс техник тоног төхөөрөмж болон багаа 10 жил бэлдэж 2006 онд дахин хийж амжилттай болсон байна. Үүнээс хойш Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 400 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ. 2018 онд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах баг байгуулагдаж, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажил эхэлсэн байна. Ингэснээр бөөр шилжүүлэн суулгах хагалгааны тоо эрс нэмэгджээ. Тухайлбал,
2008 онд-2, 2009 онд-2, 2010 онд-2 гэж явж байгаа, 2019-11, 2020-6, 2021-8, 2022-4, 2023-4, 2024-10 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийжээ. Нийт 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгсан байна. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төд цусны бүлгээр нь жагсаалт үүсгэн бүртгэдэг. Энэ бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэлтэй байна.
2024 оны байдлаар манай улсад 262 бөөр орлуулах аппарат буюу гемодиализийн аппарат ажиллаж байгаа бөгөөд үүнд 2988 өвчтөн оржээ.
Гемодиализийн аппаратад эмчлүүлж байгаа иргэд насны бүлгээр:
0-19 насны буюу хүүхэд-49
74-өөс дээш насны 164 хүн гемодиализийн эмчилгээ хийлгэж, аппаратаас хамааралтай амьдарч байна. Харамсалтай нь 2024 оны байдлаар бөөрний дутагдлын эцсийн шатанд орох гемодиализийн эмчилгээнд шинээр 607 хүн нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 607 хүн нэг жилд нэмэгдэж байна гэсэн үг. 2024 оны байдлаар гемодиализ эмчилгээ хийлгэж байсан 167 хүн нас барж, 50 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгажээ. Жилд 390 өвчтөн шинээр гемодиализийн аппаратад орж байна.
Монгол Улс сард дархлаа дарангуйлах эмэнд 150-200 орчим сая төгрөг зарцуулдаг бол гемодиализийн эмчилгээнд 1.9 тэрбум төгрөгийг сард зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, бөөр оруулах эмчилгээнүүдээс бөөр шилжүүлэн суулгавал урт хугацаандаа эмчилгээний зардал буурдаг байна.
М.Эрдэнэсайхан: 695 өвчтөн донор хүлээж байна
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, эмч М.Эрдэнэсайхан: Бөөрний дутагдалд орсон өвчтөнд хэрэглэж байгаа бөөр орлуулах эмчилгээ сайн болон муу талтай байдаг. Монгол Улсын практикт хэвлийн гемодиализ болон цус шүүх, бөөр шилжүүлэн суулгах гэх мэт гурван төрлийн эмчилгээ хийдэг. Гемодиализ болон хэвлийн деализ олон жил хэрэглэхээр зүрх тэлэгдээд зүрхний дутагдалд ордог. Тиймээс өвчтөн гемодиализ эмчилгээ хийлгэх боломжгүй болж, амь нас нь эрсдэлд ордог. Ийм үед яаралтай бөөр шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага үүсдэг.
Жил бүхэн бөөр шилжүүлэн суулгах 50 мэс заслыг төрөөс үнэ төлбөргүй хийдэг. 14 хоногт нэг удаа гурван хүнд мэс засал хийдэг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол мэс заслын нарийн технологи байдаг. Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсанаас хойш тархины үхэлтэй донороос мэс заслыг 2008 онд хийж эхэлж байсан. Ингээд нийт 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Энэ хүмүүсийн амьдралын чанар сайжраад эрүүл саруул амьдарч байна. Өнөөдөр манай төвийн хяналтад Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгасан 318, гадаад улсад бөөр шилжүүлэн суулгасан 184 өвчтөн байна.
Хамаатан садангаасаа бөөр авах гэхээр дархлааны хариу урвал үзүүлэх магадлалтай иргэд тархины үхэлтэй донороос бөөр авах шаардлага гардаг. Тухайн өвчтөнүүдийг бид Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр цусны бүлгээр нь жагсаалт үүсгэн бүртгэдэг. Энэ бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэлтэй байна.
Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Үүнээс хойш тухайн жилд хийгдсэн тархины үхэлтэй донороос шилжүүлэн суулгаж байгаа бөөрний тоо нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн алба үр дүнгээ өгч, олон иргэний амь насыг аварсан байна.
Д.Нямсүрэн: Хүний төлөө явж байгаад ял авна гэдэг үнэхээр харамсалтай
Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч Д.Нямсүрэн: Анагаах ухааны хөгжлийн оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг манай эмч нар хийж байна. Бид 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн ч амжилт муутай болсон. Ингээд 10 жилийн дараа буюу 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Одоо бид 400 дэх мэс заслаа хийж байна. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд манай П.Батчулуун эмч онцгой хувь нэмэр оруулсан. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Үүний дараа амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс зас эрчимтэй хийгдэж эхэлсэн. Тиймээс П.Батчулуун эмчийн оруулсан хувь нэмэр, гавьяа асар их юм. Хүний төлөө явж байгаад ял авч байна гэдэг маш харамсалтай.
Л.Жамбалжав: П.Батчулуун эмч хүний эрхтэн зөвшөөрөлгүй аваагүй
Бөөр шилжүүлэн суулгах багийн хүндэт зөвлөх эмч Л.Жамбалжав: Эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ цогцоороо, бүхэл бүтэн багаараа хийдэг ажил. Эрхтэн шилжүүлэхэд тархи нь үхэжсэн амьгүй донорыг хайж олох, олсон хүнээсээ эрхтэнийг нь авах баг ажиллана. Авсан эрхтэнийг нь өөр баг өвчтөнд суулгадаг. Суулгасны дараа өөр баг хяналт тавьж ажилладаг.
П.Батчулуун эмчийн хувьд донор хайх олох, холбож өгөх үүрэгтэй ажиллаж байсан. Алба байгуулахаас өмнө би анх удаагийн амьгүй донороос бөөр авах яриаг хийж байсан юм. Үнэхээр хүнд ажил. Бусад улс оронд амьгүй донороос эрхтэн олох ажлыг тусгай ТББ хийдэг. П.Батчулуун эмч хүний эрхтнийг зөвшөөрөлгүй аваад хүнд суулгасан гэж байна. Гэтэл П.Батчулуун эмч зөвшөөрөл авсан болохоос хүнд суулгаагүй, эртхэнийг ч сугалж аваагүй. Тиймээс энэ асуудлыг дахин сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаасаа Дээд шатны шүүхийн хурал болтол П.Батчулуун эмчийн биеийн байдал хүнд байгаа учраас суллаж өгөхийг гуйж байна.
Хүнд зүрхний олон судас байгаа. Тэр судсуудаар нь цус гүйхгүй битүүрээд байсан учраас битүүрсэн судас дундуур нь гуурс хийсэн. Нийт зургаан судсанд гуурс хийсэн. Хэрвээ тэр судсанд цус гүйхгүй бол зүрхний үхжил болж зүрх зогсоно. Ийм хүнд нөхцөлд байгаа хүнийг Дээд шүүхийн хурлаас өмнө суллаасай гэж хүсэж байна. Энэ хүнийг суллалаа гээд нийгэмд хор хохирол учруулахгүй шүү дээ.
Зөвшөөрлийн хуудсан дээр ар гэрийн гурван хүн гарын үсэг зурсан. Элэг, бөөр, шөрмөсийг нь авахыг зөвшөөрсөн. Тиймээс манай багийнхан эрхтэнийг нь авсан. Гэхдээ авсан эрхтэнүүдэд дагалдах, судас шөрмөсийг нь заавал авдаг.