Open iToim app
Зочин | 10 мин уншина

Ж.Нурбек: Казах үндэсний хэл, өв соёлыг хамгийн сайн хадгалж үлдсэн хүмүүс бол Монголын казахууд

Ж.Нурбек: Казах үндэсний хэл, өв соёлыг хамгийн сайн хадгалж үлдсэн хүмүүс бол Монголын  казахууд
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 21
Казах түмний уламжлал Наурызын баяр гуравдугаар сарын 22-нд болдог. Наурызыг 2009 онд ЮНЕСКО “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэж, 2010 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар олон улсын баяр болгон баталсан байдаг. Монгол үндэстний нэгээхэн хэсэг казах түмэн олон жилийн турш хэл соёл, зан заншил, өв уламжлалаа гээлгүй хадгалж ирсэн түүхтэй. Наурызын баяр нь урин цагтай золгож буй өдөр шөнө тэнцдэг өдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдгээрээ онцлогтой юм.
Ингээд казах түмний зан заншил, өв соёлыг үр хойч үедээ өвлүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбектэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө Танд Наурызын баярын мэнд хүргэе.
-Маш их баярлалаа.
-Манай уншигчдад Наурызын баярын гол утга учрыг ярилцлагын эхэнд тайлбарлаж өгч болох уу?
-Манай казах түмний уламжлалт хамгийн том баяр бол Наурыз. Дэлхий даяар 40 гаруй орон,  300 сая гаруй хүн тэмдэглэдэг, олон улсын баяр гэж хэлж болно. Наурыз гэдэг нь шинэ өдөр гэдэг утгатай перс үг. Энэ өдөр монголчуудын нэгэн адил өвөг дээдэс, ахмад настандаа айлчлан золгодог. Энэ нь өвлийг өнөтэй давсаны баяр, шинэ бүхний эхлэл гэж үздэг.
-Наурызын баяр гэхээр л үндэсний хувцас, элбэг дэлбэг идээ ундаа, домбор гэх мэт төсөөлөгддөг.  Идээ ундааны гол бэлгэдэл онцлог юу вэ?
-Монголчуудын хувьд Цагаан сараар хэвийн боов, ууц тавьдаг. Үүний нэгэн адил Наурызын баярын хамгийн хүндтэй зоог бол есөн төрлийн идээний дээж орсон аарцтай хөц будаа буюу көже шөл юм. Манайхны ярьдгаар каз болон бусад идээ шүүсээр ирсэн зочдоо дайлдаг. Наурызын баярын ширээ хэдий чинээ элбэг дэлбэг байна, тэр жилдээ төдий чинээ өнгөлөг, ажил үйлс нь өөдрөг байхыг бэлгэшээдэг.
-Хүүхэд насныхаа наурызын дурсамжаасаа хуваалвал?
-Заншил ёсоор Наурызын баяраар 40 айлаар зочилж көже шөлийг амсаж, хишиг буянаа хураана гэж үздэг. Миний хувьд хүүхэд байхад гудамжныхаа айлуудаар захаас нь эхлээд ороод ороод явчихдаг байсан.
-Энэ жилийн тухайд Наурызыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ?
-Ерөнхийдөө Цагаан сартай л адил гэж ойлгож болно. Улаанбаатарт амьдарч аж төрж байгаа настан буурлууд, урианхай, тува казах ахан дүүсийнхээрээ зочилдог. Миний хувьд бөхийн холбооны тэргүүний хувиар бөхчүүдийнхээрээ ч бас айлчилдаг даа.
-Та “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүнээр ажилладаг. Нутгийнхаа бөхчүүдийг амжилтын оргилд хүргэхээр их ажил амжуулж байна уу?
-Манай “Өлгийн хүчтэн” дэвжээ үүсгэн байгуулагдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд бидний мөрөдөл бол улсын цолтон байсан. Монгол, Казахстан хоёр улсын гавъяат тамирчин О.Бахыт харцага цол авснаас хойш 35 жилийн дараа анхны улсын цолтонгоо 2016 онд өлгийдөж авсан. 2017 онд улсын начин одоогийн Монгол Улсын заан Бередмуратын Серик начин цолонд хүрч байлаа. 2020 онд Ардын хувьсгалын  99 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын өсөх идэр начин Нурланы Мустафа тав давж Монгол Улсын начин цолонд хүртсэн. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор 76 жилийн дараа мөрөөдөж байсан заан цолонд хүрч амжилтаа улам ахиулсан. Мөн улсын цолонд ойрхон сайхан хурц арслангууд М.Еркебулан, У.Берекe, Б.Төмөрбаатар нар байна. Нэг үеэ бодвол манай залуучууд үндэсний бөхөөр маш сайн амжилт үзүүлж байна. Манай дэвжээ 50-60 тамирчинтай.
Энэ жилийн Наурызын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд автомашин, үзүүрлэсэн бөхөд дөрвөн сая, шөвгөрсөн бөхөд хоёр сая төгрөг олгоно.
undefined
-Наурызын бөхийн барилдаан жил бүр зохион байгуулагддаг уу.  Энэ удаагийн барилдаанд улсын цолтон ямар бөхчүүд хүч үзэх вэ?
-2009 оноос эхлэн Наурызын бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулж ирсэн. “Өлгийн хүчтэн” дэвжээ өнгөрсөн 2024 оны бөхийн барилдааны түрүү бөхийг автомашинаар байлж байсан. Энэ жилийн барилдаанд түрүүлсэн бөхдөө автомашины бай шагнал олгоно. Уяачид, харваачид, бөхчүүд бол монголын томоохон өв соёлыг тээж яваа хүмүүс. Үндэсний бөхийн тамирчин байна гэдэг асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Бай шагнал өндөр байна гэдэг бөхчүүдийнхээ хүч хөдөлмөрийг нь үнэлж, бөхчүүдээ дэмжиж, урам зориг өгч байгаа нэг хэлбэр юм уу даа. Бидний хувьд ямар цол өгч чадах биш. Энэ жилийн Наурызын бөхийн барилдаанд түрүү бөхөд автомашин, үзүүрлэсэн бөхөд дөрвөн сая, шөвгөрсөн бөхөд хоёр сая төгрөг олгохоор болсон. Түрүү жилийн Наурызын баяраар даян аварга Н.Батсуурь түрүүлээд автомашинаа хөлөглөж явсан. Энэ жилийн барилдаанд аварга арслангууд чансаа өндөр 128 бөх барилдана.
-Өлгий нутгийнхаа соёл урлагийн салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Энэ талаараа яривал?
-Мэдээж хэрэг улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлүүлж хадгалж явахыг боддог. Миний хувьд ч бас казах үндэстэн бүр хэл соёл, зан заншил, өв уламжлалаа тээж яваасай гэж боддог. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулж “Өнөд орших Өлгий” гэдэг уран бүтээл хийсэн. Өлгий нутгаас маань улсын заан цолтон төрөх болтугай гэж ерөөж бас билэгшээж хийсэн. Ерөөл биелэлээ олж Бередмуратын Серик Монгол Улсын заан цолонд хүрч нутаг ус болон бөхөд хайртай монголын ард түмнийг баярлуулсан. Энэ дууны үг, аяыг яруу найрагч, хилийн цэргийн дэд хурандаа У.Пүрэвсүрэнзохиож, МУГЖ С.Жавхлан дуулж, дүрсжүүлснээр олны хүртээл болгосон. Баян-Өлгий аймаг бол олон үндэстэн ястаны өлгий нутаг. Урианхай, Тува, Казах, Дөрвөд, Мянгат ахан дүүс маань эв нэгдэлтэй амьдарч байгааг батлан харуулсан Өлгий нутгаа сайхан сүлд дуутай болгосон.
Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын уугуул Хаваны Баяд яруу найрагчтай хамтран миний бие продюсерлэж Монголын шилдэг 110 яруу найрагчдын шүлгийг нэгтгэн Монгол, казах хос хэл дээр ном болгон гаргасан. Энэхүү номоо дэлхийн 40 гаруй улсад амьдарч байгаа казах түмэндээ хүргэсэн. Монголын яруу найраг олон улсад гарч байгаа томоохон оюуны бүтээл болсон гэж боддог.
-“Тоорил хан” түүхэн эмгэнэлт драмын жүжгийн тухайд.
-Хэрэйд үндэстэн бол Монголын казахуудын  өвөг. Би 2023 онд Хэрэйдийн “Тоорил хан” түүхэн эмгэнэлт драмын жүжгийн ерөнхий продюсероор ажиллаж ивээн тэтгэсэн. Жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан гуайгаар бичүүлж, ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч СТА Мя.Батболд ажилласан. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар болон Улсын драмын эрдмийн театр, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын залуу уран бүтээлчид хамтарсан багаар ажиллаж Баян-Өлгий аймгийнхаа Хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа тавигдсан. Энэ жил Улаанбаатар хотод тоглуулахаар зорьж байна.
-Тогызхумалах гэх оюуны спорт байдаг. Энэ спортын төрөл манай улсад ямар түвшинд хөгжиж байгаа вэ?
-Тогызхумалах гэдэг нь монголоор хэлбэл есөн хоргол гэх оюун ухааны спорт байгаа юм.  Есөн есийн наян нэгэн хоргол чулуугаар  тоглодог наадгай. Манай нүүдэлчдийн оюун ухааны спорт гэж хэлж болно. Миний бие 2022 оноос хойш Монголын Тогызхумалах холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2023 онд Дэлхийн Тогызхумалахын холбоотой хамтарч Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгий аймагтаа зохион байгуулсан. Азийн 10 орноос 370 гаруй тамирчид ирж оролцож Монголыг баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан. Мөн хоёр жил тутамд дэлхийн нүүдэлчдийн их наадам болдог. Хамгийн сүүлд 2024 онд Дэлхийн нүүдэлчдийн 5-р их наадам Казахстаны нийслэл Астана хотод болсон. Манай улсын төр засгийн төлөөлөл, баг тамирчид очиж оролцоод ганзага дүүрэн ирсэн. Энэ арга хэмжээнд дэлхийн 80 гаруй улс орны төрийн тэргүүн нар оролцдог томоохон наадам болсон. Энэ үеэр Дэлхийн Тогызхумалахын холбооны Ази тивийн 50 орныг хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Монгол Улсдаа болон Ази тивд энэ оюуны спортыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
-Тогызхумалах спортоор хичээллэдэг хүн хэр их байдаг вэ?
-Миний хүсч явдаг нэг зүйл байдаг. Нүүдэлчдийн оюун ухааны тогызхумалах буюу есөн хоргол спортоор олон хүүхэд залуучууд хичээллээсэй гэж боддог. Аль болох багаасаа энэ спортоор хичээллэснээр хүүхэд оюун ухаанаа уралдуулж бодож сэтгэхээс гадна удаан суух  тэвчээрт суралцдаг. Хэн бодож сэтгэж чадсан нь ялагч болдог. Хаан спорт ч гэж хэлдэг. Манай холбоо улсын сургуулиудтай хамтарч энэ спортыг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. 2026 онд Киргизстан улсад  болох нүүдэлчдийн их наадамд Монгол Улсаас нас насны ангилалд хүүхэд залуучуудыг бэлтгэж байна. Улаанбаатар хотод зарим их, дээд сургуулиудад клуб хичээллэж оюутнууд маш ихээр сонирхож байгаа. Баруун бүсийн таван аймагт 10 жилийн өсвөр насны хүүхдүүд их хичээллэдэг.
-Та Урианхай сурын холбооны тэргүүнээр хэзээнээс ажиллаж эхлэв. Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Урианхай сурыг бүх сурын өвөг сур гэж үздэг. Халх, буриад, урианхай сур гэж гурван төрөл байдаг. Манай Баян-Өлгий аймаг маш олон урианхай сурын мэргэн харваачидтай, улсдаа эхний тавд ордог. 2021 оноос хойш Урианхай сурын холбоо шинэ залуучуудаар удирдах зөвлөл бүрдүүлээд ажиллаж байна. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор урианхай сурын харваанд түрүүлсэн улсын мэргэнийг автомашинаар байлж эхэлсэн. Миний хувьд бөхийн спорт, урианхай сурын мэргэн харваачдаа өөрийн чадах чинээгээрээ дэмжиж явахыг боддог.
-Дараа жилийн Наурызын баяр хүртэл зорьж байгаа төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Мэдээж хэрэг төлөвлөсөн ажлууд байлгүй яахав. Энэ жилийн улсын баяр наадам дөхөж байна. Бөх, урианхай сурын холбооны тэргүүнээр ажилладгийн хувьд улсын цолонд ойрхон байгаа залуу бөхчүүдээ улсын цолонд хүргэх, улсын цолтон бөхчүүдийнхээ цолыг ахиулахад бэлтгэл сургуулилт хангуулах шаардлагатай. Улсын шинэ мэргэнүүдээ дархан, даян аварга болгохын төлөө л ажиллана. Бөх нь хүчтэй, харваачид нь мэргэн байгаасай гэж хүсдэг.
quote photo
Казах үндэстэн дэлхийн 40 гаруй улсад тархан суурьшиж амьдарч байгаа. Миний бодлоор үндэсний хэл соёл, нүүдэлчин аж ахуй, өв соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн нь Монголын  казахууд. Хамгийн азтай хүмүүс гэж боддог.
Ж.Нурбек
-Үндэсний цөөнхийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Казах үндэстэн дэлхийн 40 гаруй улсад тархан суурьшиж амьдарч байгаа. Миний бодлоор үндэсний хэл соёл, нүүдэлчин аж ахуй, өв соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн нь Монголын  казахууд. Хамгийн азтай хүмүүс гэж боддог. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Монголын төр засаг маань үндэсний цөөнхөө бодлогоор үргэлж дэмжиж ирсэний илрэл. Энэ дашрамд Наурызын баярыг тохиолдуулан казах түмнийхээ нэрийн өмнөөс Монгол Улсын үе үеийн төр засгийн удирдлагадаа баярлаж явдгаа хэлмээр байна.
-Таны хувьд казах түмэндээ элэгтэй, спорт, соёл урлагийн салбарт ихийг хийж бүтээж яваа хүний хувьд цаашдын зорилго чинь юу вэ?
-Хүн бүхэн мөрөөдөлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөх ёстой. Хамгийн гол зүйл нь эрүүл энх байж гэмээ нь зорьж буй зүйлдээ хүрч чадах байх аа.
-Казах хүмүүс казах хүнтэйгээ гэр бүл болдог нь нийтлэг байдаг. Таны хувьд халх бүсгүйтэй гэр бүл болсон. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулбал?
-Би казах үндэстэн хэдий ч халх бүсгүйтэй гэр бүл зохиосон. Миний ханийг О.Пүрэвсүрэн гэдэг, сайхан эмэгтэй бий. Оюутан байхдаа танилцаад бие биендээ хайр сэтгэлтэй болоод л амьдарсан. Одоо дөрвөн хүүхдийн аав ээж болоод сайхан амьдарч байна. "Казах хүн казах хүнтэйгээ суух ёстой. Монгол хүн ч монголтойгоо суух ёстой" гэдэг жалга довын үзэл их байдаг. Хайр сэтгэлд энэ үзэл хамаарахгүй. Казах, Монгол ялгаагүй бид нэг л эх оронтой. 1991 онд ардчилал гараад Монгол орны хил нээгдэж дөрвөн зүг, найман зовхист амьдарч байгаа казах ахан дүүс нарын ихэнх нь Казахстан руу нүүж одсон. Тэр үед би жаахан хүүхэд байсан. Тэгэхэд аав минь ясаа нутагтаа тавинаа гээд Баян-Өлгийгөөс Казахстан руу биш Улаанбаатарт нүүж ирсэн. Тэс өөр орчинд хөл тавьж, монгол ахан дүүсийнхээ дунд амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш сурч боловсорч, эрийн цээнд хүрч, цэргийн алба хааж, төрийн албанд ч ажиллаж байсан. Монгол бүсгүйг ханиа болгоод анх нутагтаа очоод танилцуулж байхад янз бүрийн нөхцөл байдал тулгарч л байсан. Миний хувьд халх ч бай, казах ч бай бид  нэг л эх оронтой гэж бодож явдаг.
Гэргий  О.Пүрэвсүрэнгийн хамт.
Гэргий О.Пүрэвсүрэнгийн хамт.
-Хүүхдүүдээ казах үндэсний хэл, зан заншил, өв соёлоо зааж сургадаг уу?
-Баян-Өлгий аймагт төрж өсөж байгаа хүүхдүүд үндэснийхээ хэл соёл, зан заншил гээд бүгдийг сурч байдаг. Улаанбаатарт төрж өсч байгаа хүүхдүүдийн хувьд орчин нөхцөл өөр. Тэдний хувьд  монгол хэлээс гадна үндэсний төрөлх хэл нь казах хэл. Гэтэл казах хэлээр сурах сургууль, цэцэрлэг нэг ч байдаггүй. Улаанбаатарт амьдарч байгаа 20 мянга гаруй казах гэр бүлийн тулгамдсан асуудал энэ байдаг. Үндэсний хэл бол мартаж үл болох соёл. Тийм болохоор миний хувьд гэртээ аль болох казах хэлээр хүүхдүүдтэй ярилцаж чадах чинээгээрээ өв соёлоо өвлүүлэхийг хичээдэг. Төр засаг маань үндэсний цөөнхөө дэмжиж энэ асуудлыг анхааралдаа аваасай. Казах нэг улсын сургуультай, цэцэрлэгтэй болчих юмсан бодож явдаг.
-Казах өв соёлоо гээлгүй авч явж байгаа юу?
-Чадах чинээгээрээ л хичээж явж байна. Манай гэр бүлийн хүн Наурызын баяраар дастархан засаж, казаа чанаж, көже хийдэг. Мөн үндэснийхээ хувцсыг өмсдөг. Энэ бүхэн маань өв соёлөө тээж явж байгаагийн илрэл. Цагаан сараа хийнэ, Наурызаа ч тэмдэглээд аль алинийг нь хослуулаад авч явдаг.
-Таны хувьд амжилт гэж юу вэ. Өөрийгөө амжилтад хүрсэн гэж боддог уу?
-Би багадаа боксоор хичээллэдэг байсан. Олимпын алтан медальтан болно гэж мөрөөдөж явсан ч үе бий. Энэ спортоор хөлс хүчээ дуслуулж үзсэн учраас спортод их хайртай байдаг. Өөрөө олимпын медальтан болоогүй ч гэсэн олимпын медальтан төрүүлэхийн төлөө дэмжиж явдаг. Тамирчин хүн маш их цаг хугацаа хөлс, хүч хөдөлмөрөө зориулж амжилтад хүрдгийг мэдэрсэн хүний хувьд тамирчдаа үргэлж дэмждэг явдаг. Нэг хүний хүч бол нэг л хүний хүч байдаг. Амжилт гэдэг бол гэр бүл найз нөхөд аав ээж ахан дүүсийнхээ хувьд хэн байгаад хэн болсон гэдэг нь чухал. Улсын наадамд түрүүлж, олимпын медальтан, улсын мэргэн болчих үед амжилт гэж л үнэлнэ л дээ. Гэхдээ хүн байгаасай гэж бодож явдаг. Бизнес хийж явсан ч олонтойгоо байж, сайн аав, сайн хань, сайн хүү байж эрүүл энх явж чадвал л өөрийгөө амжилттай явж байгаа гэж боддог.
-Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргээд ярилцлагаа өндөрлөе.
-Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист амьдарч байгаа Баян-Өлгий гаралтай  Урианхай, Казах, Тува ахан дүүстээ Наурызын баярын мэнд хүргэе.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн