УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Авторитар дэглэмтэй зургаан улсын нэг нь Монгол Улс болсон гэсэн мэдээлэл байна. Олон үзүүлэлтээр бид ардчиллаасаа ухарч байгаа нь юутай холбоотой гэж Та үзэж байна вэ?
-Олон улсын үзүүлэлтэд манай улс ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа шалтгаан тодорхой. Авлигын төсөөллийн индекс, ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс, бизнес эрхлэхэд таатай орон уу, үгүй юү гээд эдгээр шалгуур үзүүлэлтээр бүгд дээр нь ухарч байгаа нь засаглалтай холбоотой.
Тухайлбал, ардчиллын индексээр яагаад ухралт хийгээд байна вэ гэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө сүүлийн үед хаагдаж, боогдож байна. Иргэд цахим орчинд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө шалгуулдаг, торгуулдаг, шийтгүүлдэг байдал нь айдаст автуулж байна. Айдсаар удирдуулж байна гэдэг нь дарангуйллын нийгэм бий болж байна гэсэн үг. Үр хүүхдэдээ бид айдсаар удирдуулдаг нийгэм үлдээж болохгүй. Тэр утгаараа авлигын индекс жилээс жилд ухарч байгаад маш их санаа зовж байна. Зөвхөн хууль тогтоогчдоос гадна Засгийн газар, Засгийн газрын харьяа агентлагууд, орон нутгийн удирдлагууд ч үүнд анхаарч, бид ямар ирээдүй хүүхдүүдээ үлдээж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах хуулийн төслийг өргөн барина гэсэн. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн орд газрыг эзэмшиж байгаа хувийн хэвшлээс 34 болон 51 хувийг төрд авахаар болсон. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?
-Байгалийн баялгийг хүн биш байгаль өөрөө бий болгосон зүйл. Үүнийг хайж олоод, олборлох арга технологийг нь эзэмшиж, хөрөнгө оруулалт хийгээд, үйлдвэр, уурхай барьж олборлосны дараа баялаг болж хувирна. Хэн хөрөнгө оруулах вэ гэдэг нь санхүү, ямар аргаар олборлох вэ гэдэг нь технологийн асуудал.
Бид нэг гараараа Монгол Улсад хөрөнгө оруул, монгол хөрөнгө оруулахад таатай улс гэж хэлчихдэг. Хүрээд ирэхээр нь нөгөө гараараа хөрөнгийг нь хурааж авна гэдэг орчинд хэн итгэж хөрөнгө оруулах вэ. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдынхаа эрсдэл гаргаад хөрөнгө оруулж байгаа зоригийг үнэлэх цаг болсон.
Хөрөнгөө оруулаад ажиллаж байхад нь хэсэг хугацааны дараа “энэ баялаг бол бидний юм” гэж авч болохгүй. Тэгээд бүгдээрээ тал талаас нь хүрз бариад орох юм уу. Уул уурхайн шинжлэх ухааныг үл хүндэтгэсэн байдлаар, ийм хэнэггүй, бодлогогүй, ухвар мөчид үзэл баримтлал түгээх нь Монгол Улсыг хөгжүүлэхгүй, харин хойш нь татах л зам.
Нөгөө талдаа Үндсэн хуульдаа чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс гэж бичсэн. Ардчилсан зах зээлтэй, хувийн өмчийг хүндэтгэдэг, өмчтэй байхыг дэмждэг гэчихээд нийгэмчлэх тухай, хувийн өмч хөрөнгийг хураах тухай яриад байгаа нь үүнийг өөрсдийнхөө үзэмжээр ашиглах, улс төрийн дайснаа намнах хэрэгсэл болгож ашиглах л зориголтой гэж би харж байна.
Засгийн газар хууль хэрэгжүүлэх, дагаж мөрдөх ажлыг өөрөөсөө эхлэх ёстой
-Тэгвэл ардчиллын үзүүлэлтүүдийг ахиулахын тулд төр засгаас ямар ажил хийх ёстой юм бэ?
-Засгийн газар хууль хэрэгжүүлэх, дагаж мөрдөх ажлыг өөрөөсөө эхлэх ёстой. Засгийн газрын харъяа агентлагууд ялангуяа Цагдаагийн ерөнхий газар болон бусад хууль тогтоох, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагууд хуулийг дагаж мөрдөх хэрэгтэй.
Хүний эрхийн асуудал яригдахад эрүү шүүлт гарч ирж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд, сая медиа компанийг шалгасан байлаа гэхэд яагаад шөнө дөлөөр саатуулж, өрөө тасалгаа дамжуулж тамлан зовоож, хүний нэр төр болон сэтгэл санаанд нь хохирол учруулж байгаа юм бэ. Энэ бол эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн.
-УИХ 126 гишүүнтэй болсон. Энэ утгаараа хүний эрх, ардчиллыг бататгах хууль батлах бүрэн боломжтой бас эрхтэй. УИХ үүн дээр хэрхэн ажиллах ёстой вэ?
-Олон арга зам байж болно. Үүний нэг нь УИХ-ын хянан шалгах үүргийг илүү сайн хэрэгжүүлэх ёстой. Тэр үүднээсээ би Х.Тэмүүжин, Ж.Баярмаа гишүүдийн хамт УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг илүү тодорхой болгох, иргэний эрхийг хамгаалах гээд өргөн агуулгаар энэ хуулийн өөрчлөлт хийгдэх болов уу гэж найдаж байна.
Мэдээж 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд ямар өөрчлөлт оруулах, сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө эрүү шүүлтэд ордоггүй, шалгагддаггүй, эх сурвалжаа хамгаалах эрх нь бүрэн хангагдах ёстой гэж харж байгаа.