Open iToim app
Парламент | 3 мин уншина

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Их Британид хийж буй айлчлалаас онцлох нь

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Их Британид хийж буй айлчлалаас онцлох нь
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 20
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.
Тэрээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов.
Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.
Албан ёсны уулзалтаас онцлох нь
Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл урилгыг нь хүлээн авч тус улсад УИХ-ын даргын анхны албан ёсны айлчлалыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, уг айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзав.
Уулзалтын үеэр талууд цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн, тэрээр Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтонтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулав.
Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн технологийн компаниудад ажиллаж буй Монгол залуусын төлөөлөлтэй 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр  уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй залуусын туршлага, мэдлэг улс орны хөгжлийг түүчээлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, амжилт хүсэв. Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтын талаар саналаа хуваалцлаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн