Open iToim app
Соёл, урлаг | 3 мин уншина

Оюутнуудын дундах ОСКАР гэлцдэг “3.27” наадмыг онцлох нь

Оюутнуудын дундах ОСКАР гэлцдэг “3.27” наадмыг онцлох нь
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 21
Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулиас зохион байгуулдаг “3.27” олон улсын театрын сургуулиудын оюутны их наадам 31 дэх удаагаа гуравдугаар сарын 23-30 хооронд Улаанбаатар хотноо Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт болохоор болжээ. Тус наадам нь өнгөрсөн жилээс олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.
undefined
СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Уран сайхны удирдагч С.Гантулга: Театрын урлагт хайртай хүн бүрийн хувьд гуравдугаар сар бол баярын сар байдаг. Учир нь олон улсын театрын өдөр гуравдугаар сарын 27-ны өдөр тохиодог. Театр урлагийн тэнхимээс энэхүү наадмыг анх санаачилж байсан. Одоо хоёр дахь удаагаа энэхүү олон улсын наадмыг өргөжүүлэн зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд зургаан орны уран бүтээлч, Театрын сургуулийн оюутнууд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн. 
Энэхүү наадам нь Соёл урлагийн их сургууль, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газраас дэмжиж, хамтран зохион байгуулсан. Эдгээр байгууллагууд Монголын театрын урлагийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй нь талархмаар хэрэг юм. Манай хамтран зохион байгуулагч болох Улсын драмын эрдмийн театрынхан маань өөрсдийн шинэ уран бүтээлээс дээжлэн хүргэдэг. Энэхүү наадмын нэгдүгээр шат гуравдугаар сарын 23-нд эхэлж, хоёрдугаар шат гуравдугаар сарын 30-нд болохоор төлөвлөгдсөн. 
undefined
СУИС-ийн жүжигчин, найруулагч мэргэжлийн 2а курсийн оюутан Д.Эгшиглэн: Өмнө жил "3.27" наадамд уран сэтгэмжийн төрөлд анги хамт олноороо оролцож байсан. Багаараа анх удаа ажиллаж оролцсон тэр үе минь их дурсамжтай, олон зүйл суралцсан санагддаг. Энэхүү наадамд 1-4 курсийн оюутнууд оролцож болдгоороо их онцлогтой. 
Энэ жил манай ангийнхан шилдэг бүтээл, найрууллага, жүжигчид зэрэг олон төрлөөр оролцож байгаа. Өмнө жилээс ялгаатай нь дотроо олон баг болж хуваагдан, өөр төрлийн ажлуудаар оролцож байгаа нь илүү олон зүйлийг сурах шинэ боломж гэж бодогдсон. Энэ жил гаднын орнуудаас олон шүүгч ирэхээр болсон. Өөрсдийн бүтээлээ олон талаас нь дүгнүүлэх болсондоо баяртай байна. Миний бодлоор уг наадмын хамгийн том давуу тал нь урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой болдог нь юм. Мэргэжлийн байгууллагынхан биднийг дэмжин, хүрэлцэн ирдэг. Тиймээс тэдгээр хүмүүст өөрсдийгөө харуулах боломж гэж бодож байна.
undefined
СУИС-ийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Я.Билгүүнсар: “3.27” наадам бол оюутнуудын дундах "Оскар" хэмээн яригддаг. Залуу үеийнхэн өөрсдийн дотор байгаа зүйлээ бүтээлээрээ илэрхийлж, ямар ч шүүлтүүргүй тайзан дээр үзүүлдэг тул их гайхалтай наадам болдог гэж бодож байна.
Уран бүтээлч, найруулагчид энэхүү наадмын үеэр цаашид хийх уран бүтээлдээ хамтран ажиллах багаа сонгох тохиолдлууд бий. "3.27" наадмын үзвэрүүд үнэгүй болдог тул хүсэж сонирхсон бүхий л хүмүүс ирж үзээсэй гэж хүсэж байна.
“3.27” наадам нь олон улсын театрын урлагийн сургуулиудын байгууллага болон багш нарын хамтын ажиллагааг өрнүүлэх, оюутан залуусын ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан бие биеэсээ суралцахад чухал ач холбогдолтой наадам юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн