Хамтарсан Засгийн газар байгуулагдаад найман сарын нүүр үзэх гэж байна. Хамтарсан Засаг байгуулсны гол зорилго нь Монгол Улсын хөгжлийг хурдасгаж, том төслүүдийг хөдөлгөх, төрийн татаастай дампуурсан салбаруудад реформ хийхэд чиглэсэн гэж улс төрийн намын дарга нар зарласан. Реформ хийх эхний салбараа эрчим хүч нэрлээд, МАН, АН, ХҮН намаас бүрдсэн Эрчим хүчний үндэсний хороо нэртэй нүсэр албыг байгуулав. Харамсалтай нь, оны өмнө цахилгааны үнийг 30 хувь нэмж аваад л Эрчим хүчний үндэсний хорооныхны сураг тасарлаа. Өөрөөр хэлбэл, реформ нэртэй үнэ нэмж, хамгийн хүнд ачааг хэрэглэгчдэд үүрүүлж орхиод таг чиг явна. Ид бүтээн байгуулалтын улирал эхэлж байхад реформ хийх эрчим хүчний салбарт ямар шинэ төслүүд хэрэгжүүлэхээ ч зарласангүй. Харин дулааны үнийг ирэх намраас 85 хувиар нэмэхээ зарлаад амжлаа.
Монгол Улсын эрчим хүчний салбар хамгийн түрүүнд эх үүсвэрийн дутагдлаас гарах учиртайг дээр, дооргүй ярина. Жил бүр 200 МВт-аар өссөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цаашлаад хөгжлийг хурдасгах том төслүүдээ цахилгаанаар хангах эх үүсвэр хэрэгтэй. Энэ чиглэлийн бодлогоо Хамтарсан Засгийн газар зарласангүй, тодорхой болсон зүйл алга. Уг нь Хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний олон төсөл эхлүүлнэ гэж амласан ч бодит байдал дээр ажил хэрэг болж байгаа нь тун ховор.
Энэ хавар “Бодь интернэшнл”-ын барьж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажил л үргэлжлэх бололтой. Оюу толгойг цахилгаанаар хангах Тавантолгой цахилгаан станцын төсөл бүр сураг алдрав. Өнөөдрийн байдлаар шинээр эхлэх эрчим хүчний төслийн чимээ алга.
Уг нь Шадар сайд Т.Доржхандын зарласан эрчим хүчний реформыг бодлогын цогц шинэчлэл хийх замаар эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, цахилгаан, дулааны олон талт эх үүсвэртэй болох, хараат байдлаас гарах гэж харж байлаа. Гэвч өнөөдөр эрчим хүчний реформ гэсэн сүржин нэрний цаана цахилгаан, дулааны үнэ нэмэх л зорилго байв уу гэж хардахад, эргэлзэхэд хүргэж байна. Энэ байдлаараа ирэх өвөл “эрчим хүчний салбар алдагдлаа дийлэхгүй байна” гээд дахиад иргэдэд ачаа үүрүүлэхийг үгүйсгэхгүй юм.