УНТЭ-ийн эмч О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус хуралд П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат оролцож, Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцож, Анхан болон Давж заалдах шатны шүүхээс 2 жил 6 сарын ял оноогоод байгаа юм.
Монгол Улсад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг 2018 онд байгуулсан бөгөөд үүнээс хойш 31 амьгүй донороос донор авч 100 орчим иргэнд суулгажээ. Үүнд 27 хүнд элэг, 45 хүнд бөөр суулгасан бөгөөд энэ иргэд өнөөдөр эрүүл саруул амьдарч байгаа аж.
Бусад улс оронд жолооны үнэмлэх анх авахад нь амьгүй донор болох эсэх асуумж авч тэмдэглэдэг байна. Харин манай улсад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсанаас хойш донорын карт бий болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн донорын карт авсан гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ П.Батчулуун эмчтэй холбоотой хэрэг үүссэнээс хойш амьгүй донор олдохоо больсон талаар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийнхан онцоллоо.
УНТЭ-ийн эмч, элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн: Дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хөгжиж эхлээд 20 хүрэхгүй жил болж байна. Гэхдээ бид энэ өндөр технологийг нутагшуулах гэж явсаар байгаад сүүлийн 10 жилд л эрчимтэй хөгжүүлж байгаа.
Бид 2011 оноос 310 хүнд элэг шилжүүлсэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан байдаг. Ердөө тавхан хувь гэсэн үг. Бусад нь дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан.
Монгол Улс өнөөдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тоогоороо 2023, 2024 онд дэлхийд нэгдүгээрт орсон. Учир нь, ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал бас нэг эрүүл хүний эд эрхтнийг хөндөхгүй гэж зөвлөдөг. Гэхдээ монголчуудын ёс заншил, сэтгэхүй, мэдээлэл гэх мэт олон шалтгаанаар амьгүй донорын олдоц маш муу байдаг.
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах албыг 2018 онд байгуулсан. Энэ алба амьгүй донорын олдцыг нэмэгдүүлэх, нэгэнт ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа эрүүл хүн буян хийгээд, бусдадаа эрхтнийг нь хандивлах үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ албыг байгуулснаас хойш нийт 270 гаруй хүний ар гэрт донор болох санал тавиад үүнээс 31 ар гэр л зөвшөөрсөн. Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах бүх багт тархины үхэлтэй донорын хүлээлтийн жагсаалт гэж байдаг. Өнөөдөр 430 хүн энэ жагсаалтад байна. Элэгний үйл ажиллагаа нь эцсийн шатандаа орчихсон, амьгүй донороос элэг олдохыг хүлээж хүмүүс юм. Энэ зөвхөн манай элэгний жагсаалт. Донор гарахыг хүлээгээд, биднээс амь гуйгаад, үр хүүхэд ар гэр нь ч амьгүй донороос эрхтэн гарахыг хүлээж байгаа.
Тархины үхэлтэй донороос эрхтэн авах ажил дөнгөн данган хөгжих замдаа ороод явж байтал Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргат хэрэг үүссэн. Энэ асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор гэдэг ойлголт байхгүй болсон. Гэсэн ч энэ 430 хүн горьдлого тээсэн хэвээрээ л байна.
П.Батчулуун эмчийн зүрхний үйл ажиллагаа 33 хувьтай, хэзээ ч зогсож мэдэхээр байна. Уучилж, өршөөхийг хүсье
Өнөөдөр П.Батчулуун эмчийн талаар хөндөж ярихгүй бол болохгүй. П.Батчулуун эмчийн бие тун муу, сэтгэл санаа маш хүнд байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийх үеэр П.Батчулуун эмч ухаан алдаж унасан. Тухайн үед зүрх нь 16 минут зогссон. Сэхээн амьдруулах ажиллагаа хийсний хүчинд зүрх нь ажилласан. Ингээд зүрхний гол судсандаа тэлэгч тавиулсан. Хэрэг үүссэнээс хойш дахин нэг тэлэгч тавиулсан. Мөн чихрийн шижин өвчтэй. Зүрхний ажиллагаа 33 хувьтай байна. Ер нь зүрх нь хэзээ ч зогсоход бэлэн гэсэн оноштой байгаа. Биеийн байдал нь хүнд байгаа учраас сэтгэл санааны энэ их дарамт шахалтыг давж гарч ирж чадах болов уу гэсэн айдас байна. Эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж уучилж, өршөөдөг бол өршөөгөөсэй гэж хүсэж байна.
П.Батчулууныг бид гэмт хэрэг хийсэн гэж үнэхээр бодохгүй байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах гэж таниулах хуудас бөглүүлдэг. ЭМ-ийн сайдын баталсан хуудсан дээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан маань зөвшөөрөл авдаг.
Гэр бүлийн гишүүн нь тэнгэрт халих гээд, эргэж амьдрах боломжгүй боллоо гэдэг мэдээг хүлээн авсан ар гэр, ах дүү хамаатан садан сэтгэл санааны ямар хүнд байдалд байх вэ. Яг тэр үед нь нүүр тулж, очиж уулзаж, бусад хүмүүст буян болооч ээ гэж гуйдаг хэцүү ажлыг энэ албаныхан хийдэг. П.Батчулуун эмч энэ албыг байгуулсан цагаас эхлээд 7 жил энэ ажлыг хийсэн. Элэг, бөөр, шөрмөсийг нь авъя гэдэг хүсэлт тавьсан. Таниулсан зөвшөөрлийн хуудас хавтаст хэрэгт нь байгаа байх.
Дэлхий дахинд нэг амьгүй донороос эрхтэн авахад 10 хүний амийг авардаг. Харин манай улсад элэг, хоёр бөөр гээд гурван хүний амийг авардаг. Нэг хүний өгсөн эрхтнээс 10-аад хүний амьдралын чанарыг сайжруулдаг. Ийм л буянтай ажлыг хийдэг.
Өнгөрсөн хугацаанд 31 амьгүй донороос эрхтэн авч 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс бүгд одоо эрүүл саруул амьдарч байна.
УНТЭ-ийн эмч Д.Чулуунбаатар: Тархины бүхий л хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон хүний тархины үхэлтэй гэж үздэг. Тархинд цус харвах, бэртэл гэмтлээс болоод тархи бяцрах гэх мэтийн шалтгаанаар тархи үхэждэг.
Тархины үхлийг тодорхойлох Монгол Улсын стандарт гэж бий. Тухайн өвчтөний байгаа эмнэлэгт, эмчилгээ эрхэлсэн захирлаар удирдуулсан мэргэжлийн баг ажиллаад тодорхой сорилоор хоёр удаа шалгаад тархины үхэл нь батлагджээ гэсэн тохиолдолд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд мэдэгддэг. Энэ албаны эмч, мэргэжилтнүүд өвчтөний ар гэрийнхэнтэй уулзаад зөвшөөрөл хүсдэг. Ар гэрийнхэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг. Ингээд эрхтэн шилжүүлэн суулгах баг цусны эргэлттэй байгаа хүнд мэс засал хийж эрхтнүүдийг нь салгаж авдаг. Тархины үхэлтэй хүний нэг онцлог нь зохиомол амьсгалтай, амьсгал нь зогссон байдаг. Уртавтар тархинд амьсгал хөдлөлийн төв, зүрх хөдлөлийн төв гэж байдаг. Уртавтар тархины дээд хэсэгт амьсгал хөдлөлийн төв байдаг. түүний дор зүрх удирдах төв байдаг. Тархи дээрээсээ гэмтэж яваад амьсгал удирдах төв дээр ирээд амьсгал нь зогсож байгаа. Зүрхний удирдах төв нь дор нь байрлалтай учраас зүрх нь ажиллаад байдаг.

УНТЭ-ийн эмч Б.Бат-Ирээдүй: 2018 оны нэгдүгээр сард баталсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүний эд, эс, эрхтэн гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг хэлнэ гэж заасан байдаг. ЭМ-ийн сайдын 2023 оны А198 дугаар тушаалын дагуу донорын баг үйл ажиллагаа явуулдаг. Тархины үхэлтэй донор гарсан эмнэлэгт очиж үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ тодорхой дэс дараатай ажилладаг. Эхлээд авах эрхтнүүдийг бүрэн чөлөөлж, суллана. Элгийг цөсний хүүдийний хамт, цөсийг шээлгүүрийн хамт, шөрмөсийг ясны эдийн хамт авдаг. Бид тухайн эрхтнийг авчихаад маш богино хугацаанд хүнд суулгадаг. Тухайлбал, элгийг зургаан цагийн дотор шилжүүлэн суулгах ёстой байдаг.
УНТЭ-ийн эмч Б.Батсайхан: Амьгүй донороос элэг гарсан тохиолдолд аль болох богино хугацаанд суулгах шаардлагатай байдаг. Найман цагийн дотор шилжүүлэн суулгахгүй бол тухайн эртхэн үхжих, үйл ажиллагаа нь алдагдах гэх мэт өөрчлөлт гардаг.
Э.Ганбат: Дээд шүүхэд хандана, Дээд шүүх энэ хэргийг танхимаар хэлэлцэх хуулийн заалттай
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат: Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульчийн хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ үйлчлүүлэгчийн байр суурийн хүрээнд дараагийн шат буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргана. Улсын дээд шүүх гомдол бүрийг танхимаар хэлэлцэхгүй. Гэхдээ энэ тохиолдолд танхимаар хэлэлцэх хуулийн зохицуулалт бий. Учир нь Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т заасан дараах тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн ч Улсын дээд шүүх авч хэлэлцэх зохицуулалттай. Үүнд, эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээгээ тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргааны асуудлаар гомдол гаргасан тохиолдолд Улсын дээд шүүх танхимын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан.
2002 онд анх Монгол Улсын эрүүгийн хуульд хүний эд эрхтнийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэж үзнэ гэж орсон. Үүнээс хойш 22 жилийн хугацаанд шүүхээр ийм хэрэг нэг ч шийдвэрлэгдээгүй. Тиймээс Улсын дээд шүүх өмнө нь хэрэглэгдэж байгаагүй шинэ хуулийн зохицуулалтын тохиолдлыг авч хэлэлцэнэ гэж бодож байна. Ингэж байж шүүхийн практик тогтоно.
Ер нь энэ хэрэг маргаан хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлэлтэй. Соёлтой улс оронд эрүүл мэндийн салбартай холбоотой хэрэг маргаан гагцхүү хууль, хяналтын байгууллагуудаар хянагдаж явдаг. Энэ нь эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын нэр хүнд, хүний эрүүл мэндийн нууцын асуудалтай холбоотой байдаг. Тиймээс шүүхийн шийдвэр гарсны дараа товч мэдээлэл гаргах ёстой байдаг. Гэтэл манайд бусад төрлийн мэдээ, мэдээлэл шиг эмх цэгцгүй, хэтрүүлсэн, буруу ойлгосон байдлаар их мэдээлэгддэг.