Экспорт болон Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү ажлын хэсэг анхны тайлангаа танилцуулсан байна. Экспорт болон Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчим бий. Иймд энэхүү ажлын хэсэг 4-5 сар гэхэд валютын нөөцийг 5.5 тэрбум долларт хүргэхээр зорьж байгаа аж. Тодруулбал, өмнө нь Монгол Улсын валютын нөөц 5.4 тэрбум долларт хүрч байсан бол үүнийг давуулах, импортын хэрэгцээний 5-6 сарыг хангах хэмжээний нөөцөд хүргэх ажиллахаар болсон байна. Түүнчлэн, цаашдаа Засгийн газрын хурал бүр дээр тайлан тавьж, дараа нь гаргасан шийдвэрүүд, хэрэгжүүлж байгаа ажлууд, үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөх аж.Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдрийн байдлаар урд хилүүд дээр нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явах шинжгүй болсон. Нүүрсний овоолго үүссэн шалтгаан нь 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд болон энэ он гарснаар хийгдсэн гэрээ гээд нийт 50-иад гэрээ байна. Эдгээр гэрээнүүдэд бид хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн. Намраас хойш нүүрсний үнэ бараг 40 хувь унасан. Үүнтэй холбоотойгоор худалдан авагч талууд алдагдал хүлээсэн учраас цаашаагаа татан авалт хийхгүй байна. Түүнээс биш Хятадын нүүрсний эрэлт буураагүй. Хятад 4 тэрбум гаруй тонны нүүрсний хэрэгцээтэй. Гэтэл бид түүнийх нь 100 гаруй сая тонны хэрэгцээг нь ч хангаж чадахгүй байгаа. Энэ жил 85 сая тонн нүүрс Хятад улс руу экспортлохоор төлөвлөсөн. Хятадын талд эрэлт буурлаа гэхэд 5 хувь дотор яригдахаас 30-40 хувиар буурна гэж байхгүй. Гэтэл манай биржийн арилжаа 5 дахин буурсан, хил дээрх татан авалт 40-50 хувь зогссон байна. Үнэ буурснаас болоод л нэгэнт худалдан авсан ААН-үүд татан авалт хийхгүй байна гэсэн үг. Үүнийг богино хугацаанд зохицуулах хэд хэдэн гарц байна. Үнийн хэлбэлзлийг аль аль талд нь уян хатан шийдэхийн тулд одоо байгаа хуулийн хүрээнд бирж дээр түр зохицуулалт хийх журмыг баталлаа.