Open iToim app
Засгийн газар | 5 мин уншина

О.Алтангэрэл: Үнэн ганц л бий. Цагдаагийн байгууллага буруу мэдээлэл өгсөн бол хариуцлага хүлээнэ

О.Алтангэрэл: Үнэн ганц л бий. Цагдаагийн байгууллага буруу мэдээлэл өгсөн бол хариуцлага хүлээнэ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 19
Засгийн газрын хуралдаанаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор ямар нэг зүйлийн зөрчил гарсан эсэх талаар танилцуулга хийсэн байна. Ноорог Креатив Студио ХХК-ийн 20-27 насны найман гишүүнийг 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа тул та бүхэнд дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар болон есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох тусгай ангийн зүйл ангиудаар шалгагдаж байсан. Одоог хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явдал биш.
 Цагдаагийн байгууллагыг улс төрийн заавраар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа бол ямар ашиг сонирхолтой байх вэ, түүнийг тогтоох хэрэгтэй. Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Хэрэв цагдаагийн өгсөн мэдээлэл дунд буруу, ташаа мэдээлэл байх юм бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх процесс хуульд заасан журмын дагуу явдаг. Энд нэг л хажуу тийш гишгэхэд хүний эрх зөрчигдөж, ажиллагаа явуулсан хүн нь өөрөө эрүүгийн хариуцлагад татагддаг ажиллагаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай. Хэрэв тус мэдээлэлд буруу ташаа мэдээлэл байх юм бол тэдгээр хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх учир цагдаагийн байгууллага хуульд заасан хүрээнд үнэн зөв мэдээлэл өгсөн.
 Хойшлуулшгүй ажиллагааны тухай:
Хойшлуулшгүй ажиллагаа гэж яриад байгаа. Энэ нь тухайн нөхцөлд үйл ажиллагаа явуулж, үйл явдалтай холбоотой баримт цуглуулдаг ажиллагаа. Цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваар нь, сард хэдэн зуугаар нь хийдэг ажиллагаа. Энд баривчилгааны асуудал огт болоогүй. Яагаад гэвэл хэрэв баривчлахаар бол прокуророос зөвшөөрөл авдаг. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага баривчлах зөвшөөрөл авах хүсэлт тавьсан ч прокурор зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв зөвшөөрөлгүй баривчилбал энэ чинь хүнийг алга болгох маш хүнд ялтай гэмт хэрэг. Тиймээс тэнд ямар ч баривчлах ажиллагаа явуулаагүй.
Яагаад хувийн эд хэрэгслийг хураасан тухай:
Техник хэрэгсэлд үзлэг хийсэн. Энэ үйл ажиллагаанд хамгийн гол яригдаж байгаа асуудал нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу гэдэг дээр сайд миний бие анхаарч ажиллаж байгаа. Өмгөөлөгчдийн тайлбарыг би харсан. Би өөрөө өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байгаа хүн. Хэрэв өмгөөлөгчдийн ярианд дурдагдаж байгаа зарим үйл баримт үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай
Энэ хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Хэрэгт холбоотой баримтууд байгаа.
Өөрсдийн эрхээ хамгаалахын төлөө тэмцэж, дуу хоолойгоо өргөж байгаа залуусыг хүндэтгэж байна. Гэхдээ үнэн бол ганц байдаг. Өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хуульд заасан журмынх нь дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө бүх зүйл хууль ёсны байхад буруутгаж болохгүй. Буруутгал нь улс төрийн буруутгал байх шаардлагатай бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан албан хаагчид руу биш над руу дайр. Шаардлагатай бол би өөрөө хариуцлага хүлээхэд бэлэн. Ажлаа хийж байгаа хүмүүсийг улс төрөөр буруутгаж байгаа бол хариуцлагыг улс төрийн албан тушаалтны хувьд би хүлээх нь зөв.
Монгол Улсад хүний хувийн мэдээлэл халдашгүй байх ёстой. Энэ зарчмыг би ажил авсан цагаасаа Цагдаагийн байгууллагад тавьсан. Гэтэл одоо сэжиглэн таамаглаж байгаа энэ асуудал дээр харахад бусдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан сэжиг, таамаг байна.
Нийгэмд болсон үйл явдалтай холбоотойгоор сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Сайттай байх юм уу. Заавал редакцтай байх юм уу. Өнөөдөр сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдгийг заагласан ямар ч зүйл байхгүйгээс болоод Эрүүгийн хуульд байдаг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэдэг гэмт хэргээр нэг ч хүн шийтгүүлээгүй байгаа. Өнөөдөр манай улсад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг стандарт байхгүй. Бид Хэвлэлийн эрх чөлөөний хуульд яг энэ талын зүйл заалтыг нэмж байгаа.
 Цахим тоглоом, 9.3 тэрбум төгрөгийн тухай:
Хувь хүний нууцлалтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, үг цэг таслал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллагаас бидний авсан мэдээллээр нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ шалгагдаж байгаа. Энэ дунд шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжиж ийм гүйлгээ явсан гэдэг мэдээлэл байна. Мөн энэ хүмүүс дунд 2024 оны есдүгээр сараас эхлэн бусдыг амиа хорлох зүйл ангиар шалгагдаж байгаа хүн байна.
Монгол Улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө чөлөөтэй байх ёстой. Хэвлэж нийтэлж байгаа агуулгынх нь талаар хэнийг ч хууль бусаар мөрдөн шалгах ёсгүй гэсэн энэ байр сууриа л баримталж байгаа.

О.Уламсайхан: Сайдын ярьсан шиг их мөнгөтэй эсвэл MCS нтрээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавичихгүй юу

Тэгвэл сайдын мэдээллийн дараа Ноорог Креатив Студио ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу мэдэгдэл гаргажээ.
Тэрээр "Гар утас, компьютер ажлын хэрэгслүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа, нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг бараг хаалгаад 2 хонож байж арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь аккаараа ч болсон бичээд явна!
9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй зохион байгуулдаг нтр гээд бүтэн Яамны Сайд хүний ярьж байгаа юмнуудыг бол анх удаа өчигдөр л сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS нтрээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавичихгүй юу хулгайч юм аа нрн 😂
Ямартай ч Тогосоо Тижи гэж амиа хорлох гээд манайд гомдол гаргаж манайхыг бариулсан аккаунт нэг сайтын бүр жинхнээсээ Тролл акк байсан шүү!
Юмаа авмаар байна аа хүүш!!!" гэлээ.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн