Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Алтны үнэ 3000 доллар давсан нь сайны дохио юу, муугийн дохио юу

Алтны үнэ 3000 доллар давсан нь сайны дохио юу, муугийн дохио юу
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 20
Долоо ч хүрэхгүй хоногийн өмнө нэг унц алтны үнэ 3000 ам.доллар давснаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ гэсэн мэдээ гарсан. Үнэ цэнээ хадгалдаг үнэт металл гэгддэг алтны үнэ ийнхүү нэмэгдэж байгаа нь сайн, муу аль шинжийг агуулж буйг олж мэдэцгээе.
Эдийн засгийн тодорхойгүй байдал үүсэх үед алт худалдан авах сонирхол огцом нэмэгддэг уламжлалт хандлага бий. Учир нь хөрөнгө оруулагчид мөнгөө хадгалах аюулгүй хөрөнгийг алт гэж үздэг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаалийн татварын бодлого олон улсын худалдааны дайныг өдөөж, санхүүгийн зах зээлд тодорхой бус байдлыг бий болгож байгаа бөгөөд бизнесүүдийн хувьд инфляц дахин сэргэх аюулыг үүсгэсэн нь алтны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв энэ хандлага цаашид үргэлжилбэл алтны үнэ улам өссөөр байх аж. Гэвч үнэт металлууд өндөр хэлбэлзэлтэй хөрөнгө тул цаашдын ирээдүйг таамаглана гэдэг хэцүү.
Алтны үнэ тогтмол өсөж буйн шалтгаан
Хөрөнгө оруулагчид айдастай үед алт худалдан авах хандлага нэмэгддэг бөгөөд сүүлийн саруудад эдийн засгийн хямралын шинж тэмдгүүд ихээхэн илрэх болсон. Трамп шинэ тарифуудыг ээлж дараалан зарлаж, улс орнууд хариу арга хэмжээ авч байгаа нь бизнес, хэрэглэгчдэд тодорхойгүй байдал үүсгэж, үнэ өсөх аюул дагуулж байна гэхэд хилсдэхгүй.
RBC Capital Markets-ийн шинжээчид “Алтны үнэ тарифын бодлогоос хамааралтай” гэдгийг онцолж байгаа бол Дэлхийн Алтны Зөвлөлийн ерөнхий стратегич Жо Каватони алтны үнэ өсөхийг угаас хүлээж байсан гэжээ. Тэрээр "Өнөөдөр мөнгөө зөв удирдана гэдэг дэлхий даяар улам хэцүү болж байна. Эрсдэл ихэссэн тул хүмүүс алтыг аюулгүй хөрөнгө гэж үзэх нь нэмэгдсэн" хэмээн дурджээ.
Алтны үнийн өсөлтөд хэд хэдэн гол хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
Инфляц ба мөнгөн тэмдэгтийн сулрал: Өндөр инфляц нь мөнгөний худалдан авах чадварыг бууруулж, хүмүүсийг хөрөнгөө хадгалах арга зам хайхад хүргэдэг. АНУ-ын доллар сулрах үед гадаадын хөрөнгө оруулагчдад алт илүү хямд болж, эрэлт нь нэмэгддэг.
Геополитикийн хурцадмал байдал: Украйн дахь дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэрэг олон улсын зөрчилдөөнүүд санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгож байгаагаас гадна худалдааны маргаан, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд хөрөнгө оруулагчдыг алтыг сонгоход хүргэж байна.
Төв банкуудын алт худалдан авалт: Хятад, Орос, Энэтхэг зэрэг орнууд АНУ-ын долларын нөлөөг бууруулахын тулд алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Ингэснээр алтны эрэлтийг ихэсгэж, үнийг өсгөх гол хүчин зүйл болж байгаа юм.
Хөрөнгийн зах зээлийн савлагаа: Хувьцааны зах зээл тогтворгүй байх үед хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, алтанд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг. Сүүлийн үед хөрөнгийн зах зээл уналтад орж, эдийн засгийн удаашралын айдас нэмэгдсэн нь алтны эрэлтийг ихэсгэсэн.
undefined
Мэргэжилтнүүд алт дангаараа инфляцын эсрэг хамгаалалт болохгүй учраас хөрөнгийн үнэгүйдлээс хамгаалах илүү үр дүнтэй өөр аргуудтай танилцах нь зүйтэй гэж зөвлөж байна.
UBS-ийн шинжээчид:
Швейцарийн UBS хөрөнгө оруулалтын банк алтны үнийн таамгаа унц нь 3,200 ам.доллар хүрнэ гэж шинэчилсэн бөгөөд энэ түвшинд зургадугаар сар гэхэд хүрч магадгүй гэж үзэж байна. Тэд энэ өсөлтийг худалдааны маргаан, бодлогын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор алтны эрэлт ихэссэнтэй холбон тайлбарлажээ. Хэдийгээр зах зээл хэт худалдан авсан байдалтай харагдаж байгаа ч хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцааны зах зээлд болгоомжтой хандаж, алтанд илүү нааштай хандаж байна гэжээ.
Бие даасан металл арилжаачин Тай Вон:
Тай Вон нэг унц алтны үнэ 3,000 ам.доллар давахад голлон нөлөөлсөн хүчин зүйлийг "Хувьцааны зах зээл дээр Трампын үүсгэсэн тодорхой бус байдлаас болж хөрөнгө оруулагчид хамгийн найдвартай хоргодох хөрөнгийг хайж байна" гэж тайлбарлав.
АНZ, UBS, Macquarie зэрэг томоохон банкнууд алтны үнэ өсөх хандлагатай хэвээр байна гэж таамаглаж байгаа бол DataTrek судалгааны байгууллага алтны үнэ жилийн дотор 3,500 хүрэх боломжтой гэж үзэж байна.
Алтны үнийн өсөлт нь эдийн засгийн хүч чадал гэхээсээ илүүтэй хямралын дохио байх нь элбэг. Гэсэн хэдий ч алт эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь санхүүгийн тогтворгүй байдлын эсрэг үр ашигтай хамгаалалт болж чаддаг байна.
Түүнчлэн, алтны үнэ 3,000 ам.долларыг давсан нь эдийн засгийн тодорхойгүй байдал, инфляц, геополитикийн эрсдэл, төв банкуудын худалдан авалттай холбоотой гэдэг нь тодорхой харагдаж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд уг үйл явдал аюулгүй байдал, ашигт ажиллагааг хангах стратегийн арга хэрэгсэл болж байгаа бол дэлхийн эдийн засагт урьдчилан таамаглахад хүндрэлтэй өөрчлөлтүүдийг бий болгосоор буй.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн