Улаанбаатар хотын авто машины албан татвар 2-3 дахин, зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдсэн. Үүний гол зорилго нь Нийслэлийн авто замын сангийн орлогыг нэмэгдүүлж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах хэмээн тайлбарласан юм.Мөн авто зам ашигласны төлбөрийг дэлхийн дунджаас хэт бага төлж байсан тул нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн зам засварын төсөв эрс нэмэгдсэн ч орлогын эх үүсвэр нь хуучин түвшинд байсан тул татвар нэмэх шийдвэрийг гаргасан талаар нийслэлийн удирдлагууд мэдээлсэн. Тэгвэл энэхүү шийдвэр иргэдэд хэрхэн туссан талаар тодруулахаар Автотээврийн үндэсний төвийг зорьсон юм.Иргэн О.Алтансүх: Би Тоёота Аква загварын машин унадаг. Өмнө төлдөг байсан автомашины татвар энэ онд тав дахин өссөн байсан. Татвар нэмэгдсэнээр санхүүгийн ачаалал л улам нэмэгдэж байна.Иргэн Г.Мандуул: Миний ачааны машины хувьд өмнө нь 2024 онд 93 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол энэ жил 330 гаруй мянган төгрөг төлөх болжээ. Мөн Приус 30 загварын машины татвар өмнөх жил 73 мянган төгрөг байсан бол одоо 235 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ нь татвар гурав, дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг.