Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2025 оны гуравдугаар сарын 17-ны 22.00 цагт Ноорог медиогийн нэр бүхий ажилчдыг саатуулж, өглөөний 07.00 цаг хүртэл байцааж, ажлын хэрэгсэл, хард диск, гар утаснуудыг хураан авсныг мэдээлсэн. Тэгвэл үүссэн асуудалтай холбоотойгоор Ноорог медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан, өмгөөлөгч нарын хамт мэдэгдэл хийлээ.
Ноорог медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан: Бид нар цэргийн баярын өмнөх өдөр ажлын хамт олноороо контор тоглоод сууж байсан. Тэгтэл урьд шөнө 22:00 цагийн үед Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс байсан газрыг маань мэдэх боломжгүй байх үедээ ирсэн. Тэгээд бидний бүх холбоо барих хэрэгслийг хурааж аваад цагдаагийн газар авчирсан. Тухайн үед бид нар өмгөөлөгчтэйгөө холбогдмоор байна гэхэд очоод холбогдоорой гэж хэлсэн. Тэр цагаас хойш бидний утсыг огт өгөөгүй.
Бидэнд ямар ч баривчлах үндэслэл танилцуулаагүй бөгөөд та нарын хийдэг ажилтай холбоотой л гэж хэлсэн. Байцаалт болсон шөнө хамгийн сүүлийн гурван хүн 06:30 минутад байцаалтаа өгч дууссан. Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу үндэсний эв нэгдэл бусниулах гэсэн зүйл заалт дээр прокурор руу баривчлах хүсэлт илгээгээд хүсэлтийн хариу иртэл бид нар ямар ч холбоо барих хэрэгсэлгүй, өмгөөлөгчтэйгөө холбогдож чадахгүй цагдаагийн газар байсан.
Өмнө нь би энэ газарт шинэ жилийн өдөр ирж байсан. Над руу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын бус цагаар, дандаа шөнө оройн цагаар залгасан. "Хаа байгаа газраа хэл, очиж авна" гэж хэлсэн.
Манай баг сонгуулийн үеэр бичсэн “18 хоног” киногоо ирэх зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан. Цаашдаа гаргаж чадах эсэхийг мэдэхгүй байна. Энэ кинонд хууль бус үйл ажиллагааг бичиж авсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Киноны агуулгын хувьд Монгол Улсад улс төрийн сонгууль ямар хэмжээнд шударга бус явагддаг талаар харуулах юм. Сонгуулийн үйл явцыг Монгол орны 6 газраас дүрс бичлэг хийсэн. Бидний сонгуулийн үеэр бичсэн 14 терабайт дүрсийг бүгдийг нь цагдаагийн газраас хурааж авсан.
Гомдол гаргагч нь фэйсбүүкийн зохиомол нэртэй хүн байсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү чатаар манай бичлэгээс болж амиа хорлох гэж байна гэж бичсэн байгаа юм. Энэхүү чатыг нь ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Тэгэхээр фэйсбүүкийн зохиомол нэртэй хүн чат бичсэний төлөө биднийг шөнөөр байршлыг тогтоож, гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьсан байгаа юм.
Монголд байгаа бүх медиа агентлаг бүхий л том байгууллагуудтай гэрээ байгуулж гүйцэтгэл хийдэг. Энд байгаа камер болгон MCS-ийн төслийг, АПУ-гийн төслийг бичиж үзсэн. Мөн Таван богд группийн эвент дээр очсон байгаа. Бидний ажиллаж байсан гэдэг нь бизнес хамтрал юм.
Биднийг буруутгаж байгаа 19.9.1 гэх зүйл анги нь 12-20 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж заасан байгаа. Үүнийг нь айлгах ажиллагаа гэж харж байна. Прокурор дээр очоод энэ хэрэгт хэрэг бүртгэлт нээх ямар ч боломж байхгүй гэдгийг хуульч маань хэлсэн. Ноорог болон энд байгаа манай баг айхгүй байна. Бидэнд айх ямар ч үндэслэл байхгүй. Бид нар юу хийж байгаагаа мэдэж байгаа. Худал мэдээлэл түгээж, хэн нэгний нэр хүндэд санаатайгаар халдсан гэж огт бодохгүй байна.
Ноорог агентлагийн өмгөөлөгч Б.Наранцэцэг: Иргэнээс гарсан гомдлын дагуу сэжигтний мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэнэ гэж мэдэгджээ. Одоогоор зүйлчлэл нь тодорхой болоогүй. Хуулийн дагуу процессын алдаанууд ажиглагдсан.
Ажлын цаг дууссан хойно хойшлуулшгүй гээд гар утсыг нь хурааж авсан, оффист нь нэгжлэг хийж, эд зүйлсийг нь хурааж авсан. Мөн хаана байгааг нь хэнээс ч асуугаагүй байж шууд мэдэж олж авчирсан зэргээс харахад процессын алдаанууд байгаа юм.
Өмнө нь улстөрчтэй холбоотой мийм нийтэлсэн гэх асуудлаар 2024.12.31-нд мэдүүлэг өгч байсан. Өнөөдөр бол иргэний гомдлоор дуудсан гэж байна. Өчигдөр орой ямар учраас дуудсан гэдгийг хэлээгүй өнөөдөр өмгөөлөгчтэйгөө ирж байж сонссон. “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэдэг дээр бол ямар ч үндэслэл байхгүй юм. Ер нь хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна. Ямар ч зөвшөөрөлгүй шөнийн 22:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл албан бусаар саатуулсан нь хүний эрхийн зөрчил мөн гэж үзэж байгаа.