DURAN.AI үүсгэн байгуулагч А.Ууганбаяр, А.Амарбаяр нартай ярилцлаа. Тэд Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлийн уралдаан зарлаад байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. -Хиймэл оюунд суурилсан тэмцээнийхээ талаар танилцуулаач?
-Бидний өдөр тутмын ажил амьдралын тогтсон хэв маягийг технологийн хөгжил, тэр дундаа хиймэл оюун ихээр өөрчилж, технологийн хамаарлыг багасгасаар байна. Энэ нь хувь хүн, баг хамт олныг богино хугацаанд оновчтой шийдэл гаргаж амжилтад хүрэх бодит боломжийг бүрдүүлж эхэлсэн. Иймд хиймэл оюуныг бүтээлчээр ашиглан бидний амьдралд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэх, хиймэл оюуны чадамжийг олон нийтэд таниулах, цаашлаад нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Aithon 2025 Монголын хиймэл оюуны анхдугаар бүтээлийн уралдааныг нээлттэй зарласан.
-Яагаад “Aithon” гэж нэрлэх болсон бэ?
-Хакатон зэрэг тэмцээнтэй харьцуулбал хамрах хүрээ өргөн, хугацааны хувьд уян хатан болохоор цаг заваараа контентоо бүтээх боломжтой. Түүнчлэн бүтээлүүдийн хувьд 100 хувь хиймэл оюун ашигласан бас эх хэл дээрээ байх шаардлагатайгаараа онцлог юм. Эхний шатны шалгаруулалт ч цахимаар явагдах зэрэг цаг хугацаа, газарзүйн байршил харгалзахгүй зэрэг давуу тал олон байгаа учир AI буюу хиймэл оюун гэдэг үгийн товчлол дээр “thon” залгасан хэрэг. Ялангуяа сүүлийн үед видео дүрс, зураг, дэвсгэр ая, хүний яриаг тексттэй нь хиймэл оюуны тусламжтай богино хугацаанд өртөг багатай бүтээх тохиолдлууд олон улсад түгээмэл болж байна. Монгол хүн бүр технологи тэр дундаа хиймэл оюуны хөгжлөөс хоцрохгүй, олон улстай хөл нийлүүлж алхаасай гэж хүсээд “Aithon” хэмээн нэрлэхээр шийдсэн.