УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан Энержи Ресурс компанийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр Ухаа худгийг Энержи Ресурс компани луйвардаж авсан гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Ухаа худгийн асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулан ажиллуулахаар өнөөдрөөс гарын үсэг цуглуулж эхэлж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах боломжтой.
Тэрээр “Миний сонгогдсон говийн бүсэд Монголын сангийн авдрыг дүүргэдэг стратегийн томоохон ордуудад байдаг. Зөвхөн Өмнөговь аймаг улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг.
Миний сүүлийн 15 жилийн амьдрал Монголын олигархуудын эсрэг чиглэсэн байсан. Монголын уул уурхайн баялгийг авахын тулд өөрсдөдөө зориулсан хууль батлуулдаг тэр хуулиа гаргаж хуу хамдаг, хулгай хийдэг, үе үеийн Засгийн газар, Ерөнхий прокурор, шүүх, цагдаагийн дарга нар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нартай хуйвалдсан сүлжээг эрэн сурвалжлах сэтгүүлч байхдаа удаа дараагийн нэвтрүүлэг, ярилцлага, нийтлэлээрээ дандаа илчилж байсан. Өөрийнхөө сүүлийн 15 жилийн турш цуглуулсан баримтуудыг авчирсан. Тавантолгой, Энержи Ресурс, Ухаа худаг, МАК, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон бүх банкны хувьчлалын талаар бүх баримт байгаа.