УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Мөн цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг танилцуулсан юм.
Олон улсад гарч буй гэнэтийн шийдвэр, геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэс, жоншны үнэ өсөж, төмрийн хүдрийн үнэ тогтвортой байгаа нь төсөвт тодотгол хийх эрсдэл үүсгэхгүй гэж Сангийн сайд онцоллоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: Төсвийн гүйцэтгэл эхний хоёр сарын байдлаар 11 хувьтай байна. Дундаж нь 13 орчим хувь байдаг. Валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар байдаг. Нүүрсний үнэ унасан бол алтны үнэ зургаа дахин өссөн. Эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлийн Засгийн газарт өгсөн. Одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй гэж харж байна. Төсвийн тодотгол хийх хуулийн шаардлага байдаг. ДНБ-ийн гурван хувьд зарлага хүрсэн тохиолдолд төсөвт тодотгол хийх хуулийн заалттай.