Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин: Гал зогсоох АНУ-ын саналыг дахин засварлах шаардлагатай

Путин: Гал зогсоох АНУ-ын саналыг дахин засварлах шаардлагатай
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 14
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Украинд гал зогсоох тухай АНУ-ын саналыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч уг эвлэрэл мөргөлдөөний үндсэн шалтгаануудыг шийдвэрлэх ёстой гэдгийг онцлоод, олон нарийн зүйлсийг тодорхой болгох шаардлагатай хэмээн мэдэгдэв.
Путин АНУ-ын гал зогсоох саналыг болзолтойгоор дэмжсэн нь Вашингтонтой харилцаагаа сайжруулах, цаашид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээр хийх боломжийг нээлттэй байлгах гэсэн дохио мэт харагдсан хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч тэрээр шаардлагатай олон тодруулга, нөхцөлийг дурдсан нь ойрын хугацаанд эвлэрэл бий болох боломжийг саатуулж байна.
"Бид байлдааны ажиллагааг зогсоох саналыг дэмжиж байна" гэж Путин Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд хэлжээ. "Гэхдээ бид энэхүү гал зогсоох шийдвэр урт хугацааны энх тайвныг хангахуйц байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаас гадна уг хямралын анхдагч шалтгаануудыг шийдвэрлэх ёстой" хэмээн дурдсан байна.
Тэрээр тодорхой болох ёстой олон асуудлыг жагсаан дурдсан бөгөөд дайныг зогсоох гэж хичээж буй Трампад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн Трамп Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярихад бэлэн гэж мэдэгдээд Путины мэдэгдлийг "маш нааштай" хэмээн үнэлж, Оросын тал зөв шийдвэр гаргана гэж найдаж байна хэмээжээ.
Трампын онцолсноор түүний тусгай элч Стив Уиткофф Москвад оросуудтай АНУ-ын саналын талаар яриа хэлэлцээ өрнүүлж байгаа аж. Мөн Трампын засаг захиргаа энхийн тохиролцооны хүрээнд Украин ямар газар нутгийг хадгалах, аль нутгийг алдах тухай, мөн томоохон цахилгаан станцын ирээдүйн талаар хэлэлцэж байгаа гэжээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путиныг гал зогсоох саналыг няцаахаар зэхэж байгаа боловч Трампад үүнийг хэлэхээс эмээж байна гэж мэдэгдсэн байна.
Хэрэв хэлэлцээр сунжрах юм бол Оросын цэргүүд Украины үлдсэн хүчнийг баруун нутгаас бүрэн шахах илүү их хугацаа олж авах юм. Москва Украины газар нутгийг бүрмөсөн буулгаж өгөх ёстой гэсэн байр сууриндаа үнэнч хэвээр байгаа бол Украины тал үүнийг эрс эсэргүүцэж буй.

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн