Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег онгоцоор Гааг руу аваачиж, Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) хорионд оруулжээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "хар тамхины эсрэг дайн"-тай холбоотой хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. ОУЭШ-ээс лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ шүүх хурлыг "тогтоосон цагт" товлох болно гэжээ. Мягмар гарагт ОУЭШ CNN агентлагт 2011-2019 оны хооронд үйлдсэн гэж үзэж байгаа хэрэгт нь баривчлах тушаал өгсөн гэдгээ баталжээ. Дутерте 2016 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа хар тамхины эсрэг дайн эхлүүлж, офицеруудад хар тамхины сэжигтэй этгээдийг устгахыг тушааж, улс орноо хууль бус хар тамхинаас ангижруулна гэж амласан. ОУЭШ 2018 онд Дутертегийн хар тамхины эсрэг кампанит ажилд урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн. Шүүх Филиппиний цагдаа нар хар тамхины наймаачдын эсрэг олон мянган хүнийг шүүхээс гадуур цаазлуулж, бусад харгис хэрцгий арга хэрэглэсэн, мөн Дутерте эдгээр үйлдлийг далдаар дэмжсэн гэж үзэж байгаа юм. Дутерте буруутай үйлдлээ няцаасан ч гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Албан ёсны мэдээллээр цагдаа нарын ажиллагааны үеэр 6200 орчим хүн амь үрэгдсэн гэж байгаа ч ажиглагчид энэ тоо үүнээс ч өндөр байж магадгүй гэж үзэж байна.