Эрчим хүчний эх үүсвэр, үйлдвэрлэл хангалтгүй буюу өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байнгын дутагдалтай байдаг манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг бүхий л талаар дэмжин хөгжүүлэх нэн шаардлагатай. Гэвч цар хүрээний хувьд мега түвшинд тооцогтох томоохон төслүүд төдийгүй жижиг, дунд оврын ажлуудыг ч санамсаргүй байдлаар саатуулж зогсоох, санаа зорилготойгоор садаа учруулж гацаах тохиолдол цөөнгүй байна.Тухайлбал, Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүд хөрш орнуудын ашиг сонирхол хийгээд байгаль орчны төлөө тэмцэгчдийн нөлөөгөөр олон жил дамнан удааширч буй. Бодит байдал дээр усан цахилгаан станцаас болж байгаль орчинд сөрөг үр дагавар бий болдоггүй. Харин ч эсрэгээрээ уур амьсгалын таатай орчин бүрддэг гэдгийг олон улсын туршлагаас бэлхэн харж болно. Усан цахилгаан станц бариулахгүй гэж тэмцэх нь үнэн хэрэгтээ байгаль орчны эсрэг үйлдэл гэж мэргэжлийн салбарынхан халаглах нь бий. Тэгвэл том төслүүдэд учирдаг энэ мэт гачлан сэргээгдэх эрчим хүчний жижиг, дунд төслүүдэд ч тохиолдох болжээ.Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань суманд хэрэгжүүлэхээр 2013 оноос судалгаа хийж, хөрөнгө оруулалт хөөцөлдөж, цар тахлын эрсдэлтэй тулж, олон бэрхшээлийг даван туулсаар 2024 оноос ажил нь жигдэрч эхлэхээр болсон “Чандмань” нарны цахилгаан станцын төсөл нэн шалихгүй шалтгаанаар дахин цаг алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Усан станцыг хүссэн гол бүр дээр барьж болдоггүй шиг нарны станцыг ч дуртай газраа босгож болдоггүй, өөрийн гэсэн онцлогтой байдаг аж. Тиймээс орон нутгуудад нарны цахилгаан станц барих байршлын судалгаа хийхэд өдрийн турш хамгийн олон цагаар нар тусах энгэр ээвэр газар нь ихэвчлэн оршуулгын газруудтай давхацдаг байна. “Чандмань” станцын төсөл чухам ийм давхацлаас шалтгаалан газрын зөвшөөрлөө цуцлуулахад хүрсэн байна.Зургийн тайлбар: 2024.09.09 “Чандмань” нарны цахилгаан станцын шав тавих ёслол болов. Эх сурвалж: Energy Insigth Magazine