Open iToim app
Зочин | 4 мин уншина

З.Нарантуяа: Хөгжлийн банк хоёр их наядын бонд гаргана

З.Нарантуяа: Хөгжлийн банк хоёр их наядын бонд гаргана
Нийтэлсэн 2 минутын өмнө
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяатай ярилцлаа.
-Та ажлаа аваад удаагүй байна. Хөгжлийн банкны нөхцөл байдал, чанаргүй зээлийн хэмжээ ямар байна вэ?
-Хөгжлийн банкин дээр сүүлийн гурав сар хийгдэж байгаа ажил бол нэгд, балансаа цэвэрлэх. Олон жил хуримтлагдсан өр зээлийн асуудал байгаа. Хэвлэл мэдээлэл, хууль, шүүхийн байгууллагатай хамтраад нэлээд их зээлийг төлүүлсэн ч шийдэх ёстой олон зээл байна. 918 орчим тэрбум төгрөгийн зээлийг ямар ч байсан эзэнжүүлсэн. Буцааж төлүүлэх хуваарьт оруулсан. Улсын эдийн засагт ач холбогдолтой гэж эхлүүлж байсан томоохон хэмжээний төслүүдэд олгосон 3,4 зээл байгаа. Энэ зээлүүдэд үүссэн маргаан дуусахыг хүлээвэл банк санхүүгийн хувьд тэсэж дийлэхгүй. Тиймээс энэ зээлүүдийг эргэн төлүүлэх ажлыг шуурхай хийх, эзэн холбогдогчийг тогтоох ажлуудыг хийгээд явж байна. Хамгийн чухал ажил бол Хөгжлийн банкны дүрмийн санг нэмэх. Өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлээгүй нэлээд удаан явсан юм билээ. Алдагдал нэмэгдсэн, зээлийн эрсдэлийн зардал нэмэгдсэн гээд хөрөнгийн хүрэлцээ их муудсан байсан. Үүнийг шийдэхээр хэлэлцээрүүдийг сайн хийж байна. Төсөвт дарамт болохгүй, Засгийн газарт ачаа үүрүүлэхгүйгээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх вэ. Эх үүсвэрийг нь хаанаас бүрдүүлж байна вэ?
-Дүрмийн санг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хувилбаруудыг ярилцаад явж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийднэ. Хамгийн гол нь Хөгжлийн банк байгуулагдсан цагаас эхлээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг төслийн санхүүжилт гэдэг юмаа огт хийж байгаагүй. Тиймээс хийх ёстой ажлаа хийж, төслийн санхүүжилт гэдэг юмаа утгаар нь хийдэг байх эрх зүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар болсон.
Би дээр хэлсэн балансаа цэвэрлэе, санхүүгийнхээ үзүүлэлтийг  сайжруулах ажил үр дүнгээ өгч эхэлж байна. Үүний үр дүнд гаднын байгууллага, олон улсын байгууллага, хөрөнгийн зах зээл дээр дахиад эх үүсвэр татах боломж бүрдэж байна.
-Бонд гаргана гэсэн үг үү?
-Тиймээ, бонд гаргаж эх үүсвэр татах, хөгжлийн санхүүжилтээр дамжуулан зээлдэх зээл авах боломж бүрдэж байгаа.Учир нь рейтинг сайжраад, санхүүгийн үзүүлэлт сайжрахаар дагаад боломж гарч ирж байна гэсэн үг. Босгосон эх үүсвэрээрээ бид дахиад шинэ зээл, шинэ төслүүдийг санхүүжүүлнэ. Гэхдээ дахиад муу зээл үүсгэхгүй, алдаа гаргахгүйн тулд санхүүжилтийн дүрэм журам, бодлого стандартыг шинэчлэн батална. Мөн Хөгжлийн банк өөрийнхөө юу хийж болох, болохгүй хэм хэмжээгээ хуульдаа тусгаж өгч байна.
Базаад хэлэхэд бид дотооддоо дүрмийн сангаа нэмэгдүүлнэ. Нэг нь нэмэлт эх үүсвэр татах юм. Олон улсын зах зээл дээрээс эх үүсвэр татах буюу бонд гаргах юм.
-Энэ нь өрийн таазанд нөлөөлөхгүй юу?
-Хөгжлийн банкны гаргах бонд Засгийн газрын баталгаагүй байна. Тиймээс Засгийн газрын өр дээр нэмэгдэхгүй.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлж дампуурлаас гаргасан гэж мэдэгдэж байгаа ч олгосон зээлийнх нь тал нь төлөөгдөөгүй, чанаргүй хэвээр байгаа юм билээ. Энэ зээлүүдийг эргэн төлүүлэх боломж байна уу?
-Хөгжлийн банк бизнесийн байгууллага. Одоо зээлээ төлөөгүй 27 аж ахуйн нэгжийн заримынх нь асуудал хууль шүүхийн байгууллагад шалгуулаад явж байгаа. Гэхдээ нэгэнт авсан зээл төлөгдөх боломжтой учраас тухайн төсөл хэрэгжих боломжтой байна уу, бизнесийнхээ хувьд мөнгөн урсгал нь ашиг өгөхөөр байна уу гэдгийг дахин нарийн судалж байгаа. Тиймээс чанаргүй зээлээ төлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Ямар ч банк, санхүүгийн байгууллагад харилцагч хаан, харилцагчийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс харилцагчаа хүндрэлээс гаргах арга замын талаар хамтарч ярилцах бодлогыг би барьж байгаа.
-Хөгжлийн банкинд хураагдсан олон объект байгаа. Хэдий хэмжээний хөрөнгө хурагдаад байгаа вэ. Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Хөгжлийн банкны олгосон зээлүүд арилжааны банкнуудын олгосон зээлээс хамаагүй их. Тэр утгаараа хэрэгжүүлж байсан төслүүд нь том. Үүнийг чанаргүй гэхээсээ илүү төсөл нь саатсан, хүндрэл учирсан төслүүд гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ төслүүдийг хэвийн явуулж байж, мөнгө урсгал нь хэвийн болж байж зээлээ төлнө. Төсөл бүхэн дээр тооцоо, судалгаатай үнэлгээ хийгээд нэг бүрчлэн нарийвчлан судалгаа хийнэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэрт Хөгжлийн банкнаас зээл олгодог. Одоогоор хэдэн төгрөгийн зээл олгоод байга вэ?
-Газрын тосны үйлдвэрийн тухайд манай улсын эдийн засагт маш чухал төсөл. Хөгжлийн банк энэ төслийн жижигхэн хэсэгт нь оролцсон. Өнөөдрийн байдлаар энэ төсөлд Хөгжлийн банк 171 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ зээлийг эргэн төлүүлэхэд зөрчилгүй болгох, эргэн төлөлтийн хуваарь саадгүй байх арга хэмжээг авч байгаа.
-Хэзээнээс эргэн төлөлт хийхээр гэрээнд тусгасан байсан бэ?
-Үйлдвэр ашиглалтад орсноос хойш төлөхөөр тусгасан байсан. Тиймээс хугацаа нь болоогүй хэвийн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн