"Москва" худалдааны төвийн захиралд зодуулсан гэх эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, олон нийтэд хандсан. Тодруулбал, хохирогчийн аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урд шөнө эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс миний охины биед халдаж хүчирхийлсэн байна. Би маш их гомдолтой байна. Бүх шатанд нь явж шалгуулна. "Москва" худалдааны төвийн долоон давхарт тусгай бэлдсэн талбайтай газар уудаг юм байна. Тэнд манай охины багш нь охиныг минь дуудсан байна. Тийм учраас очсон, тэрнээс биш манай хүүхэд тэнд архи уугаагүй. Биед нь халдах гэж 2-3 удаа үзсэн гэж байгаа юм. Тэгэхээр нь манай охин явъя гээд ариун цэврийн өрөөнд ороход "Москва" худалдааны төвийн захирал гэх хүн миний охиныг боож, үснээс нь зулгааж, зодож нүдэж, хэрцгийгээр биед нь халдсан байна. Нүд, ам, хамрыг нь тэс цохисон, чих хамар, хоолойг нь зад өшиглөсөн байна” хэмээн ярьсан юм.Тэгвэл тус хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Мэдээлэлд “Энэ сарын 12-13-ныг шилжих шөнө 03:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд бусдад зодуулсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.