Хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс 98 дугаар байрт жагсаж байна. Манай улсын хувьд үндэсний стратегигүй байгаа нь оноо алдахад хүргэсэн. Тодруулбал, хувийн хэвшил хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүлээд тодорхой түвшинд хөгжүүлээд ирсэн. Харин төрийн байгууллагууд иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хурдтай, үр дүнтэй болгоход хиймэл оюун ухааныг ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлж буй нь давуу тал юм. Бусад орны жишээ татвал АНЭУ, Сингапур, Эстони улс үндэсний стратегидаа хиймэл оюуны төв байна гэдгээ зарласан. Харин АНУ, БНХАУ хиймэл оюун ухааныг инновацаар тэргүүлэх чиглэлд ашиглаж байна. Европ болон Канад хариуцлага, ёс зүйтэй хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэдгээ зарласан. Улс болгон үндэсний стратегиа аль чиглэлд баримтлахаа тодорхойлох нь ач холбогдолтой байдгийг эдгээр жишээнээс харах боломжтой. Иймд Монгол Улс хиймэл оюун ухааныг илүү хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг “Эйя Айя Академи Ази”-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Монгол Улс одоо ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?
-Ер нь Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт эхлээгүй байна гэж хэлэхэд буруудахгүй. Бид өнөөдөр байгаа байдлаа бодитоор үнэлж байж цаашаа явна. Иймд хамгийн эхний гарц бол хиймэл оюун ухааны боловсролыг залууст, компаниудад төрөл бүрийн түвшинд нэвтрүүлэх юм. Дэлхийн хиймэл оюун ухааны технологиуд өдөр тутам хөгжөөд явж байгаа. Үүнийг яаж олон улсад сайн ашиглах, хиймэл оюун ухааныг ашигладаг, дараагийн түвшинд бүтээдэг мэргэжилтнүүдийг бэлдэх вэ гэдгийг улсынхаа хувьд анхаарах хэрэгтэй. Нөгөө талдаа хиймэл оюун ухааныг өөрийнхөө, компанийнхаа, улсынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл гэж харах хэрэгтэй.
-Мэргэжилтний хувьд Засгийн газраас хиймэл оюун ухааны тал дээр оновчтой арга хэмжээ авч чадаж байгаа гэж харж байна уу?
-Засгийн газраас сүүлд хиймэл оюун ухааны стратегиа боловсруулж байна гэж харсан. Стратеги боловсруулах нь бол зөв. Гэхдээ суурь үнэлгээгээ зөв хийх хэрэгтэй. Бид суурь судалгаа хийгээгүй, үнэлгээгээ буруу тодорхойлсноос болоод буруу стратегиуд гаргаад маш олон татвар төлөгчдийн мөнгийг үрдэг. Тэгэхээр Засгийн газар болон төрийн хувьд ч бид нэг зүйлийг алгасах боломжгүй. Энэ бол технологийн боловсрол. Өндөр чанартай программ хангамж олныг авбал болсон гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Мөн хиймэл оюун ухааны талаар ярьж байгаа хүмүүс нь тодорхой хэмжээний боловсролыг эзэмших шаардлагатай.
-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд дата болон хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа. Энэ тал дээр чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Хиймэл оюун ухаанаас гадна ямар ч түвшний технологи ашигласан дата маш чухал. Учир нь үүний суурь нь дата буюу өгөгдөл. Олон улсын болон Монголын олон компани бидэнтэй хамтарч ажилладаг. Ингэхэд дата нь бэлэн биш байдаг. Бид датагаа заавал цэгцтэй, зөв болгож байж дараагийн шат руугаа орно. Үүнийг алгасах боломжгүй. Монгол Улсад хиймэл оюун ухааны үзүүлэх нэг гол ач холбогдолтой зүйл нь бид хүний нөөц маш муутай. Байгаа хүний нөөц нь гаднын өрсөлдөөн өндөртэй орнуудтай харьцуулахад бүтээмж бага. Тиймээс үүнийг хиймэл оюун ухааны тусламжтай шийдэх боломжтой.
-Хиймэл оюун ухааны цэгцтэй боловсролтой болохын тулд хаанаас нь эхлэх ёстой вэ?
-Chat GPT, Deepseek гээд олон төрлийн технологийн шийдэл гараад байгаа. Түүнийг ашиглаж байгаагаа манайхан хиймэл оюун ухааныг ашиглаж байна гэж ойлгоод байна. Энэ бол маш том андуурал. Түүний цаана маш том алгоритм бий. Энэ технологийн цаана юу ажиллаж байна гэдгийг ойлгож байж өдөр тутам гарч байгаа шинэ технологиудыг ашиглах, эзэмших боломжтой болно. Зөвхөн Монголд гэхгүй дэлхийд өрсөлдөх чадвартай болно. 2030 он гэхэд өнөөдрийн дэлхий дээр байгаа ажлын байрны 40 хувийг хиймэл оюун ухаан эзэмшинэ. Тэгэхээр олон улсын энэхүү шилжилтэд бид хиймэл оюун ухааныг ашиглаж чаддаг хүний нөөцөө бэлтгэж байж л өрсөлдөх чадвартай болно. Манай AI академи 2-3 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, компаниудад хиймэл оюун ухаан нэвтрүүлэх ажлыг хийдэг. Энэ ажил дээр гадаад болон Монгол олон компанитай ажиллаж байна. Мөн насанд хүрэгчид болон хүүхдүүдэд хиймэл оюун ухааныг сургах ажлыг хийдэг. Монгол багш нараас гадна Кеймбрижийн багш нар хичээл заадаг. Энэ төслүүдээс олсон ашиг хиймэл оюун ухааны багш бэлтгэх ашгийн бус төсөл рүү орж явдаг. Түүнчлэн, бид удахгүй хиймэл оюун ухааны үндэсний аян зохион байгуулна. Үүн дээр багш л бэлдэхгүй бол хөдөө орон нутаг, гэр хорооллын сургуулиуд, хүүхдүүд рүү хүрэх боломжгүй. Тэгэхээр хамгийн эхний зөв алхам бол багш бэлтгэх юм. Бидэнд гашуун түүх зөндөө бий. Тухайлбал, англи хэл сургана гээд бараг биеийн тамирын багш нь хүчээр англи хэл зааж байсан тохиолдол байна. Үүнийг давтахгүйн тулд багш бэлтгэх тал дээр бид ажиллаж байгаа.
-Хэр хэмжээний хүний нөөцтэй болж байж Монгол Улс олон улсын түвшинд гарах боломжтой вэ?
-Хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар бидэнд 10 мянган инженер, программ хангамжийн инженер хэрэгтэй гэсэн. Өнөөдөр би хэдэн хиймэл оюун ухааны мэргэжилтэн хэрэгтэй байна гэхээс илүүтэйгээр улсаараа хиймэл оюун ухааныг сайн ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлдэг болж байж дараагийн түвшинд гарна гэж үзэж байгаа.