Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Л.Хуягбаатар: Вакцин хийлгээгүй, улаанбурхан тусаж байгаагүй хүмүүс хүндрэх эрсдэлтэй

Л.Хуягбаатар: Вакцин хийлгээгүй, улаанбурхан тусаж байгаагүй хүмүүс хүндрэх эрсдэлтэй
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 12
Монгол Улсад улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдаад байгаа билээ. Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Тиймээс энэхүү өвчинтэй холбоотой мэдээлэл болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Цочмог гепатитын тасгийн эмч Л.Хуягбаатараас тодрууллаа.
-Улаанбурхан өвчин яаж халдварлаж, хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Улаанбурхан өвчин нь тууралт, халууралт гэсэн түгээмэл шинж тэмдгээр илэрдэг юм. Үүнээс гадна томуу, томуу төст өвчний шинж тэмдэг давхар илэрдэг. Өвчний шинж тэмдгийн хувьд нүдний салстын үрэвсэл, нусгайрах, хамар битүүрэх, хуурай ханиалгах гэх мэт. Үүн дээр нэмээд тууралт гарах, халуурах гэсэн үндсэн шинж тэмдгүүдтэй агаар туслын замаар халдварладаг өвчин юм. 
Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд маш хурдан тархдаг. Жишээ нь улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөж байгаагүй 10 хүн нэг өрөөнд байсан тохиолдолд есөн хүн нь өвдөх магадлалтай гэсэн үг.
-Улаанбурхан өвчин хэр их аюултай вэ. Монголд энэ өвчний улмаас нас барсан тохиолдол бий юү?
-Энэхүү өвчин нь эрхтэн тогтолцоонд нөлөөлж цаашлаад хүндрэл үүсгэх магадлал өндөр байдаг. Тиймээс вакцинд хамрагдаагүй, вакцины нас нь болоогүй есөн сараас доош насны хүүхдүүд болон хүндэтгэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд эрсдэл өндөртэй. Цаашлаад дархлаа дарангуйлагдах, дарангуйлах ямар нэгэн эмчилгээ хийдэг, дархлаа султай, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд эрсдэлт бүлгийн хүмүүс бөгөөд халдварт өвчнөөр өвдөж, өвчин нь хүндрэх аюултай байдаг. 
-Улаанбурхан өвчний эмчилгээний хувьд ямар эмчилгээ хийдэг вэ?
-Иргэдийн хувьд эмчилгээ гэхээсээ илүү хүүхдийнхээ халдвар хамгаалал болон биеийн дархлаажуулалтыг дэмжих хэрэгтэй. Биеийн дархлаажуулалт бол эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарах, эрт унтуулж амраах, дэлгэц бага үзүүлэх, агаар салхинд гаргах, дасгал хөдөлгөөнтэй байлгах, цусны эргэлтийг сайн байлгах зэрэг нь чухал юм. 
-Иргэд өөрийгөө болон үр хүүхдээ энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Улаанбурхан өвчин гэлтгүй халдварт өвчнүүд болох хүнээс хүнд халддаг, амьтнаас хүнд дамждаг халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга бий. Хамгийн эхний арга бол амны хаалт хэрэглэж, олон нийтийн газраар аль болох явахгүй байх хэрэгтэй. 
Ялангуяа вакцинд хамрагдаагүй болон өмнө нь энэ өвчнөөр өвдөж байгаагүй хүмүүс энэ тал дээр илүү анхаарах ёстой. Вакцинд хамрагдаагүй хүмүүс сайн дурын дархлаажуулалтдаа хамрагдах нь зүйтэй. Улаанбурхан өвчний вакциныг есөн сартайд нь мөн хоёр настайд нь хийдэг. Вакцины дархлаажуулалт ойролцоогоор 15 жилийн хугацаанд тухайн өвчнөөс хамгаалж байдаг. Энэ хугацаа өнгөрөхөд дархлаажилт тодорхой хэмжээгээр сулардаг. 
Өмнө жилүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байх үед давтан дархлаажуулалтыг идэвхтэй зохион байгуулж байсан. Үүнд хамрагдаж байгаагүй хүмүүс сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаасай гэж хүсэж байна. 
-Улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүний биеийн байдал хэр хурдан хүндэрдэг вэ?
-Олон улсын судалгааг уншиж байхад улаанбурхан өвчнөөр өвдсөн 10 хүүхэд тутмын нэг нь дунд чихний үрэвслээр өвддөг. Харин 20 хүн тутмын нэг нь уушгины хатгалгаагаар хүндэрдэг гэх судалгаа бий. Энэ нь маш өндөр тоо юм.
-Иргэд биед нь ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай вэ?
-Улаанбурхан өвчинд нууц хугацаа гэж байдаг. Нууц хугацаа нь тухайн халдварыг хүүхэд өөртөө аваад 7-14 хоногийн дараа шинж тэмдэг илэрч эхэлнэ. Эхний шинж тэмдгийн хувьд нүдний үрэвслийн шинж илэрдэг. Нүднээс нулимс гарах, нүдний салст улайх, зовхи хавагнах, бүлцийх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн нусгайрах, хуурай ханиалгах гэсэн эдгээр гурван шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч үүн дээр нэмээд өндөр халуурч, тууралт гарсан тохиолдолд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
 -Улаанбурхан өвчний вирус хэр хугацаанд амьд байх чадвартай вэ?
-Улаанбурхан өвчний тархалт маш хурдан бөгөөд хүүхэд өвдсөн тохиолдолд хурлан хүндрэх аюултай байдаг. Тиймээс энэхүү халдвараас сэргийлэх нь зүйтэй. Ялангуяа есөн сар хүрээгүй хүүхдүүдэд илүү анхаарахыг зөвлөж байна. 
Мөн есөн сартайдаа товлолт вакцинд хамрагдсан хүүхдүүд 14-21 хоногийн дараа вакцины дархлаа тогтож эхэлдэг. Тиймээс эдгээр насны хүүхдүүдэд эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм. Эхний дархлаажилт тогтсон бол хоёр дахь вакцинаа хийлгэж байж бүрэн дархлаажилт тогтдог. Иймд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй хүүхдүүддээ эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж олон нийтийн газраар явахгүй байх нь чухал юм.
Нэмж дурдахад улаанбурхан өвчин нь вирус бөгөөд тасалгааны температурт амьдрах чадвартай байдаг. Дунджаар хоёр цаг орчим гадаргуу болон агаарт амьдрах чадвартай. Тухайн халдвартай хүн өрөөгөөр явсан бол түүнээс хойш хоёр цаг орчим улаанбурхан өвчний вирус өрөөнд байна гэсэн үг. Тиймээс иргэд агаар солилцлыг сайн хийх хэрэгтэй. Ингэснээр агаарт цацагдсан вирусийг устгах боломжтой юм.

Вакцинтай холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд

Улаанбурхан өвчний вакцин нь үндэсний товлолт вакцин тул заасан хугацаа буюу хүүхдийг есөн сартайд нь эхний вакциныг хийлгэж, хоёр настайд нь хоёр дахь вакциныг хийлгэх хэрэгтэй. Хүүхдүүд товлосон хугацаандаа энэ вакцинд хамрагдвал улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тэгээд энэхүү вакцин нь зөвхөн улаанбурхан биш давхар гахайн хавдар, улаанууд гэх тууралттай амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлдэг.
Хэрвээ хүүхэд есөн сартайдаа эсвэл хоёр настайдаа ямар нэгэн шалтгаанаар вакцин хийлгэж амжаагүй бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн байгууллага дээр очиж нөхөн дархлаажуулалтаа үнэгүй хийлгэх боломжтой. Үндэсний товлолт вакцин нь үнэ төлбөргүй бөгөөд нөхөн дархлаажуулалт ч мөн үнэгүй байдаг. Харин насанд хүрэгчид болон гадагшаа явах гэж байгаа иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдахдаа 10 мянган төгрөг төлөөд вакцин хийлгэх боломжтой юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн