Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаснаа хэлсэн юм. Тэрээр "Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байналээ. Захирамжтай холбогдуулан шүүхийн урьдаас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан байсан. Надад бол нэг тэрбум төгрөг ч, ийм хэмжээний эд хөрөнгө ч байхгүй. Тиймээс шүүгчийн захирамжийн эсрэг гомдол гаргасан. Миний гомдлыг маргааш 14:00 цагаас хэлэлцэхээр байгаа. Би хэн нэгэн хүнээс уучлалт гуйх ямар ч шаардлага байхгүй. Учир нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэднэ. Жилдээ 130-140 мянган автомашин импортоор орж ирдэг. 80 мянган машин зорчих боломжтой зам дээр 10 дахин их машин зорчиж байна. Мөн хэд хэдэн зөрчлүүд байгаа. Үүнд татвар төлдөггүй, Монгол Улсын чанар стандарт хангахгүй тээврийн хэрэгслийг оруулж ирэх, хайбрид машинуудын тухайд нүүрсэн яндангүй оруулж ирдэг. Арваннэгдүгээр сараас дугаар олголт зогссоноос хойш үүнтэй холбоотой улсын дугаарын бизнес цэцэглэж байна. Өнөөдөр би Авлигатай тэмцэх газарт дугаарыг наймаалж байгаа асуудлаар гомдол гаргасан. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох үзлэг оношилгоонд ороогүй маш олон машины дугаарууд хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, автомашины дугаар заавал татвараа төлсөн, үзлэгт орсон, даатгал хийлгэсэн байх ёстой. Үүн дээр би Автотээврийн үндэсний төв болон Автотээврийн оношилгооны төвүүдийг хүчингүй болгосон дугааруудыг сэргээж дугаарын бизнес хийж байна гэх хардаж байна. Мөн тодорхой баримтууд байгаа. Энэ талаар Авлигатай тэмцэх газарт шалгаж өгөх хүсэлт гаргасан" гэлээ.