Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

38 айлын гэр, 3754 мал түймэрт өртжээ

38 айлын гэр, 3754 мал түймэрт өртжээ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 11
Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэг байгуулжээ. Түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "Гуравдугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтрааж орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн.
Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна. 170 орчим мянган га талбай түймэрт өртсөн. Урьдчилсан байдлаар 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан байна. Хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа. Улсын нөөцөөс гэр ачсан цуваа зүүн гурван аймагт ажиллах болно.
Өнөөдрийн цаг агаарын байдлаар зүүн аймгийн нутгуудад салхитай, Сүхбаатар аймагт бага зэрэг хур тунадастай байна. Монгол орны хавар, намрын цагт гарсан түймэр маш богино хугацаанд их талбайд тархдаг онцлогтой. Учир нь салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой юм. Энэ төрлийн түймрийг хүний оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг.
2025 онд цасны зузаан бага байсан учраас хаврын хуурайшилт эрт эхэлнэ гэх мэдээллийг эрт авсан. Бэлэн байдлыг бүрэн хангасан байгаа" гэв.

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн