Open iToim app
Боловсрол | 8 мин уншина

Судалгаа: Боловсрол эзэмшихэд тулгардаг саад бэрхшээл

Судалгаа: Боловсрол эзэмшихэд тулгардаг саад бэрхшээл
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 11
“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс “одорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” чанарын судалгааг хийжээ. Учир нь бага боловсролын чиглэлээр хийсэн судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнхийн хүүхэд, эмзэг бүлгийн (нийгэм-эдийн засгийн) хүүхэд, малчдын хүүхэд, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд зэрэг таван бүлгийн хүүхдийг боловсролоос гадуур үлдэх, анхаарлын гадна орхигдох магадлалтай гэж үзсэн байна. Мөн орон нутгаас шилжин ирэгсдийн болон нийтийн байранд хот дотроо нүүдэллэн амьдардаг айлын хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал гарч ирдгийг онцолсон байна.
Судалгаанд сургуулиа орхисон эсвэл орхиход ойрхон 60 хүүхдийг хамруулжээ. Энэхүү судалгаанд дурдсан баримтуудаас онцолбол, сургуулиас завсардаж буй нийтлэг шалтгаан
Хотод:
1.Амьжиргааны түвшний дорой
2.Шилжих хөдөлгөөн, бүртгэл хийгдээгүй
3.Хөгжлийн бэрхшээлийн улмаас
4.Багш нарын ялгаварлал, дарамт шахалт
5.Эцэг эхийн хандлага, хариуцлагагүйгээс
Харин хөдөө:
1. Хөгжлийн бэрхшээлийн улмаас
2. Амьжиргааны түвшин дорой
3. Газар зүйн байршил алслагдмал
4. Эцэг эхийн хандлага, хариуцлагаас шалтгаалсан байна. 
Тэгвэл дээрх судалгаанаас сургууль завсардахад хамгийн их нөлөөлж нийтлэг 5 шалтгааныг авч үзье.
НЭГ. ЯДУУРАЛ
Судалгаанд хамрагдсан 60 хүүхдийн амьдарч буй өрхийн ам бүлийн дундаж тоог авч үзэхэд ойролцоогоор дөрөв, хамгийн олон гишүүнтэй өрх 8 хүртэл ам бүлтэй байна. Харин өрхийн сарын дундаж орлого 706.090 төгрөг байгаа бол хамгийн бага орлоготой өрх хүүхдийн тэтгэмжийн 20 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг байна. Нэг хүнд ногдох дундаж мөнгөн орлогыг авч үзэхэд ойролцоогоор 155 мянга орчим төгрөг орчим байна.
Хүүхэд хувцас хунар, хичээлийн хэрэгсэл муутай, сургуульд суралцахад өмсөх хувцас тааруугаас үе тэнгийнхэн болон найзуудаасаа ичиж, хичээлдээ явахгүй байна. Нэг өрхөөс 2-3 хүүхэд сургуульд зэрэг сурдаг болохоор дүрэмт хувцасны асуудал хүнд тусдаг, уван цувуулаад боломжоороо авч өгдөг. Гэхдээ дүрэмт хувцас хүрэлцэхгүй (ах, эгчийнхээ эсвэл дүүгийнхээ хувцсыг ээлжилж өмсдөг) тохиолдолд дүрэмт хувцасгүй сургууль дээр очсоноор багш, сургуулийн удирдлагад загнуулах, бусдын өмнө эвгүй байдалд орохоос эмээж, дүрэмт хувцасгүй үедээ хичээлдээ очдоггүй… (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)
Судалгаанд хамрагдсан өрхийн бараг 80 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур, орлогын хувьд эмзэг, ядуу нөхцөлд амьдарч байна. Өрхийн байршил, орчныг авч үзэхэд хотын захын гэр хороолол болон аймгийн төвөөс алслагдсан газар байрлаж буй өрхөд амьдарч буй хүүхэд гэрээсээ, өөрийн сурдаг сургууль хүртэл, 2 автобус дамжих (аймгийн төвд автобус явдаггүй), 2-3 гэрлэн дохио гарах, гэрийн орчинд шинэ замын засвар, сайжруулсан суваг шуудуу, тоосгоны үйлдвэр, хогийн цэг, нийтийн үйлчилгээний газар, согтуу хүн, эзэнгүй ноход зэрэг эрсдэлт орчин, нөхцөл байна. Мөн сумын төв, багийн сургуулиас алслагдсан газар амьдардаг малчин өрхийн хүүхдүүд сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байна.
ХОЁР. ҮЛ ХАЙХРАХ, ХАРАА ХЯНАЛТГҮЙ БАЙХ
Д нь 4-5 настайдаа аав ээж хоёр нь салаад манайд ирсэн. Одоо 7 жил болж байгаа. Ирснээсээ хойш ээжийгээ хараагүй учир царайг нь мартчихсан байх. Сургуульд оруулах гээд ээжээс нь бичиг баримтыг авах гэсэн боловч өгөөгүй. Хүүхдийн мөнгийг нь авах гээд өгөхгүй байгаа байх. Аав нь манай хамаатан ч орон гэргүй айл, айл дамжин амьдардаг. Би 2019 онд сумын хүүхэд хамгааллын багт хүсэлт тавьж түр асран хамгаалагч нь болсон. Албан бус боловсролын төвд явуулж дөрвөн аргын тоо, уншиж бичиж сургана гэж бодож байгаа. Цаашдаа малчин л болох байх… (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)
Мөнөөх 60 хүүхдийн 12 нь эцэг эхтэйгээ биш өвөө, эмээ, ах дүү, хамаатан садныдаа, түр хамгаалах байранд амьдарна. Зарим хүүхдүүд нь амьдарч айлынхаа зарц боол мэтээр өлсөж, даарч, гадуурхагдаж амь зууна. Өдөр бүр тэмцэж амьдрах тэдэнд сургуульд сурах гээч нь тансаглал мэт л санагдана. Тэдний 40 хувь нь айлын том, 35 хувь нь айлын дунд, бол 21.7 хувь нь айлын бага, 3.3 хувь нь айлын ганц хүүхэд.
Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл дундаа боловсролын хувьд үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах зэргийг хэлдэг. Энэ судалгааны оролцогчид үндсэнээ үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд юм. Гэвчиг санаатайгаас гадна амьдралын нөхцөл, амьжиргааны байдал нь эрхгүй ийш түлхэж буйг ч мартаж болохгүй.
ГУРАВ. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР БА УЛАМЖЛАЛ
Сурагч Х зургаан хүүхэдтэй, малчин айлын том хүү. Есдүгээр ангид ордог намар сургуульдаа ирсэнгүй. Ангийн багш сураг тавиад аавтайгаа мал дээр байгааг олж мэдсэн. Ээж нь дүү нартай нь сумын төвийн байшиндаа нүүж ирсэн байв. Багш 7 хоног хүлээгээд ирээгүй учир гэрт нь очив. Ээж нь их л уцаарлаж “Энэ жил шинэ намаржаа авч ганц гэрээр байгаа учир аавдаа тусалж байгаа” гээд багшийн үгийг төдийлөн ойшоосонгүй. Багш 3 удаа очсон боловч амжилт олсонгүй. Хүүтэй уулзахаар малын бэлчээр дээр мотоциклоор очив. Хүү “Ээж, аав нь явуулахгүй байгаа, сургуульдаа явмаар байгаа” тухайгаа хэлэв… (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)
Мал маллах, хурдны морь унах зэрэг монгол уламжлалыг өвлүүлэхийн хамт хүүхдийг хохироохгүй байхын торгон заагийг олох талаарх нийгмийн хэлэлцүүлэг өрнөсөөр л буй. “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаанд дурдсанаар хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал ихээхэн ажиглагддаг, хурдан морины уралдаанч хүүхдийн сурлагын түвшин доогуур, чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж буй гэжээ. Мөн “…хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж морь унаж амьдрах боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн сэтгэхүйтэй болдог.
Хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал ихээхэн ажиглагддаг, хурдан морины уралдаанч хүүхдийн сурлагын түвшин доогуур, чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж буй.
Гэвч хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдрын хөгжлөөс шалтгаалан морь унаж уралдах нас нь (ихэвчлэн 12, 13 наснаас хурдны морь унахаа больдог) өнгөрсөн тохиолдолд сурсан сургуульгүй, эзэмшсэн мэдлэг боловсролгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эздийнхээ морь малын бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцөлийг бүрдүүлдэг. Цаасан дээр сургуульд сурдаг бүртгэлтэй бодит байдалдаа сургууль завсардсан хүүхдийн тоо өссөөр байна… “ гэжээ. Хуулийн ойлголтоор “албадан хөдөлмөр”-ийн гэх нэр томьёоны цаана буй унаач хүүхдүүдийн алдагдаж буй боломж нь боловсрол эзэмших юм. Малчин болох муухай биш. Харин малчин болох эсэхийг л өмнөөс нь ийм аргаар шийдэмгүй.
Мөн “Багшлах, суралцах үйлд “Ковид-19”- ийн үзүүлсэн нөлөө” хэмээх 2020 онд хийсэн судалгаанд ч багш нар хөл хорионы үед малчин өрхийн сурагчдадаа илүү санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.
ДӨРӨВ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ
…Сургууль гэрийн хооронд явахад хамгийн хэцүү. Учир нь харааны бэрхшээлтэй учир зориулалтын зам байхгүй, үргэлж асран хамгаалагч нь хүргэж өгч авна. Хараа муу учраас байнга шил зүүдэг манай хүүхдийн хувьд ширээ хоорондын зай, самбар дээрх зүйл зэргийг хардаггүй. Самбар луу удаан ширтэхэд нүд ядардаг. Багш самбарт ойрхон суулгаж, ширээн дээр тусад нь материал бэлтгэж өгч хичээлээ заадаг…
…Гацдаг, муу ярьдаг хүүхдэд ангид нь дохионы орчуулагч байдаггүй. Гэрийнхэнтэйгээ бага зэрэг ойлголцдог ч гаднын хүмүүс болон үеийнхээ хүүхдүүдтэй холбоо үүсгэж чаддаггүй. Ямар нэг харилцан яриа үүсгэдэггүй. Дохионы багш байхгүй учир бусад хүүхэд, багш нар түүнтэй харьцах боломжгүй... (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)
Судалсан 60 хүүхдийн 16 нь харааны, 16 нь хэл ярианы, 5 нь сонсголын, 9 нь хөдөлгөөний, 12 нь сэтгэц, оюуны бэрхшээлтэй. Нэг хүүхдэд нэгээс илүү бэрхшээл хавсарсан нь түгээмэл. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах хэн нэгэн нь ажил эрхлэх боломжгүй болж , энэ нь эргээд өрхийн ядууралд өртөх эрсдэл нэмэгдэж, ядуурал-хөгжлийн бэрхшээл-сургууль завсардах циклд орж байна. Судалгаанд дүгнэснээр “нүдний шил зүүсэн хүүхэд бүр хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх төрийн албан хаагчдын чадавхын асуудал, нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг бүртгүүлэх, мэдэгдэхээс татгалзах хандлагын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах эрх орхигдож байна.”
ТАВ. ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТ ЗЭРЭГ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан” гэжээ. Түүнчлэн МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимээс 2017 онд хийсэн “Сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, хүүхдийн хөгжил хамгааллын байдал” судалгаанд нийт дотуур байрны 76.2%-д хүүхдүүдийн дунд бие биенээ дээрэлхэх явдал их, бага ямар нэг хэмжээгээр байгааг дурджээ.
“Хүүхдийн эрх, хамгаалал” үндэсний судалгаанд оролцогчдын 38,3% нь сургуулийн орчноос, тухайлбал, багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас хамгийн их айдаг хэмээн тус тус хариулжээ.
Харин Хүүхдийг ивээх сангаас 2017 онд хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаанд оролцсон хүүхдүүдийн 15.4% нь бусдад дээрэлхүүлж доромжлуулах вий гэж санаа зовдог, хөвгүүдийн санаа зовнил охидынхоос өндөр гарчээ. 2015 оны “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн өнөөгийн байдал“ судалгаанд оролцогчдын 44,7% нь сургуулиа “айж эмээх зүйлтэй, айдастай орчин” гэж үнэлсэн бол 2016 онд хийсэн “Хүүхдийн эрх, хамгаалал” үндэсний судалгаанд оролцогчдын 38,3% нь сургуулийн орчноос, тухайлбал, багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас хамгийн их айдаг хэмээн тус тус хариулжээ. Нэг нэгнийхээ хариуг баталж буй эдгээр судалгаануудад дурдагдсан олон шалтгаан хүүхдийг сургуулиа хаяхад хүргэж байна.
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөр 2016-2017 оны хооронд үйлчлүүлсэн 51 өсвөр насны эхчүүдийн 11 нь буюу 21.6% сургууль завсарджээ. Эдгээр охидын 36.4% нь хүүхдээ төрүүлсний дараа өөр сургуульд шилжин суралцсан, 36.4% нь өөрсдөө үргэлжлүүлж суралцахыг хүсээгүй, 18.2% нь огт сургуульд сурч байгаагүй, харин нэг охин найз хөвгүүний хамт “бусад сурагчдад муу үлгэр дууриал үзүүлсэн” гэх шалтгаанаар сургуулиасаа хөөгджээ.
Судалгааны дэлгэрэнгүйг Эндээс уншаарай.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн