Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн, iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны хооронд зарлаж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Анх удаа зарласан тус уралдаанд 25 сэтгүүлч 27 бүтээлээ ирүүлсэн бөгөөд эдгээр бүтээлүүдээс дөрвөн шүүгч найман шалгуураар оноо өгч, шүүгчдийн өгсөн онооны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэг нийтлэлийг шалгарууласан юм. Анхны уралдаанд Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Х.Болормаагийн “Чоныг цагаатга” нийтлэл шүүгчдээс хамгийн өндөр оноо авч, “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд түрүүлсэн юм. "Нийтлэлч Отгонбаяр" сангаас тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч Х.Болормааг батламж, цом, 10 сая төгрөгөөр шагнасан. Уралдаанд ирүүлсэн 27 нийтлэл бүгд чанар, чансаатай, аналитик нийтлэл байсан учраас тэргүүн дэд байрыг iToim, гэр бүлийнхнээс 3 сая төгрөгөөр, дэд байрыг "Өндөр сэнтийт трейд" ХХК-ийн захирал Г.Цэрэндолгор 1 сая төгрөгөөр ивээн тэтгэж, шагнал олгосон нь мөн онцлог байлаа. Түүнчлэн уралдаанд сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа үе үеийн төлөөлөл материалаа ирүүлсэн бөгөөд шагналт дэд байранд мэргэжлээрээ хоёр жил ажиллаж байгаа ikon.mn сайтын залуу сэтгүүлч М.Батчимэг шалгарсан юм. Ингээд тэргүүн байр эзэлсэн Х.Болормаа болон шагналт байранд шалгарсан оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Х.Болормаа: Монголын сэтгүүлчид нийгмийнхээ баллуур бус гэрэлтүүлэх лаа нь болж чадаж байгаа нь эдгээр бүтээлүүдээс харагдаж байна
Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Х.Болормаа: Нэрт сэтгүүлч Г.Отгонбаяр агсны сангаас зохион байгуулсан Отгонбаяр шагналын анхны эзэн болсондоо баяртай байна. Энэ уралдаанд би дөрвөн материал илгээсэн. Уралдаанд нэг сэтгүүлч хэдэн бүтээлээр оролцоно гэсэн тоо байгаагүй. Тиймээс улс төр, эдийн засаг, нийгмийн сэдэвтэй дөрвөн материал өгсөн. Энэ уралдааныг зарласан цагаас надад яагаад ч юм энэ дөрвөн материалын санаа орж ирсэн. Бүтээлүүдийн маань нэг шалгарсанд үнэхээр баяртай байна. Шүүгчдийн нэрийг анхнаас нь зарлаагүй, шүүгчид ч бие биеэ мэдээгүй байсан. Мөн сэтгүүлчдийн бүтээлийг нэргүйгээр өгсөн нь уралдааныг ямар ч цензургүйгээр шүүхэд нөлөөлсөн байх гэж бодож байна.
Энэ уралдааныг монголын сэтгүүлчид үнэхээр тэсэн ядан, догдолж хүлээж авсан байна. Оролцсон хүмүүсийн материал, сэдэв агуулга, чансаа, тоог нь харахад чанартай, хурц өрсөлдөөнтэй болсон. Сэдэв, агуулга, гаргалгаа нь үнэхээр шилдэг материалууд байсан. Монголын сэтгүүлчид нийгмийнхээ баллуур бус гэрэлтүүлэх лаа нь болж явж чадаж байгаа гэдэг нь эдгээр бүтээлүүдээс харагдаж байна.
Т.Энхбат: Аналитик нийтлэлийг хөгжүүлэхэд энэ уралдаан түлхэц болно гэж бодож байна
Ezasag.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Энхбат: Нийтлэлч Отгонбаяр сан болон iToim.mn сайтын залууст талархал илэрхийлье. Аналитик нийтлэл гэсэн яг ийм чиглэсэн нийтлэлийн уралдаан өмнө нь зарлагдаж байгаагүй. Аналитик нийтлэлийг хөгжүүлэхэд энэ уралдаан түлхэц болно гэж бодож байна. Тиймээс цаашдаа уламжлал болгон зохион байгуулагдаасай гэж хүсэж байна. Би энэ уралдаанд “Үндэсний баялгийн сан: хэрэлдэх биш хэлэлцэх цэг” гэсэн нийтлэлээр оролцож хоёрдугаар байр эзэллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхлээд байгаа. Стратегийн ордуудад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрт орох нь олны анхаарлыг татаж байна. Гэхдээ энэ сэдвийг нийгэм, олон нийтэд хэрүүл болгож хараад байгаа. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ганцхан хэсэг нь. М.Батчимэг: Г.Отгонбаяр агсны гурван боть ном миний ширээний ном болсон
ikon.mn сайтын залуу сэтгүүлч М.Батчимэг: Би сэтгүүлчээр ажиллаад хоёр жил болж байна. Ийм том хэмжээний уралдаанд анх удаа оролцож байна. Энэ уралдаанд ороод шагналт байранд орох нэр төрийн хэрэг. Би сарын өмнө Г.Отгонбаяр агсны гурван боть номыг аваад уншсан. Одоо миний сурах бичиг шиг ширээн дээр минь байдаг болсон. Тиймээс маш нэр төрийн хэрэг байна. Нийтлэлдээ ашиг сонирхлын зөрчил гэдэг том асуудлын ердөө нэгээхэн хэсэг болох ил тод байдлын талаар хөндөхийг хүссэн.
Урладааныг дөрвөн шүүгч шүүсэн бөгөөд шүүгчдэд сэтгүүлчдийн нэргүй материалыг өгсөн. Ингэснээр хаана ажилладаг, хэн гэдэг сэтгүүлчийн материал болохыг шүүгчид мэдэхгүйгээр оноогоо өгсөн юм. Уралдааны шүүгчээр baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, Сэтгүүл зүйн ажиглагч Д.Цэрэнжав, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх, сэтгүүлч, аnalytic.mn сайтын эрхлэгч Д.Нарантуяа, baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, нийтлэлч Ш.Даваадорж, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал нар ажилласан. Д.Цэрэнжав: Ирүүлсэн материалын талаас илүү нь улс төрийн чиглэлийн материал байлаа
Шүүгч baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, Сэтгүүл зүйн ажиглагч Д.Цэрэнжав: Маш сонирхолтой чухал уралдааныг дүгнэхэд оролцсондоо маш их баяртай байна. Шүүгчид бие биеэ мэдэхгүйгээр уралдааныг шүүсэн. 27 материалаас зөвхөн нэгийг шалгаруулна гэдэг түс тас гэж би хэлмээр байна. Энэ уралдааны хувьд Г.Отгонбаяр агсны брэнд болсон улс төрийн сэдвээр манай сэтгүүлчид хэр бичиж байна вэ гэдгийг би хувьдаа илүү анхаарсан. Манай салбарт үе солигдсон байна. Дандаа залуу сэтгүүлчид байна. Гэхдээ ирүүлсэн материалын талаас илүү нь улс төрийн материал байлаа. Сэтгүүлчид маш мундаг болж, мөн мэдээлэлтэй болж. Мэдээллээс гадна маш олон санаа гаргадаг болсон байна гэж энэ уралдаанаас харлаа.
Д.Нарантуяа: засаглалын хэлбэр хөндсөн нийтлэл олон байгаа нь анхаарал татаж байна
Шүүгч Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх, сэтгүүлч, аnalytic.mn сайтын эрхлэгч Д.Нарантуяа: Мэргэжлийн түвшний нийтлэлүүд уралдаанд ирсэнд маш олзуурхаж байгаа. Сэдвийн хүрээнд ч өргөн барилаа. Манай улсын нийгмийн хөгжлийн гажуудал юунд байна, түүнд улс төр хэрхэн саад болж байгааг, эдийн засгийн асуудлуудыг нарийн бичсэн бүтээлүүд олон байсанд мөн олзуурхаж байгаа. Ялангуяа эдийн засгийн чиглэлийн материалууд нэлээд түлхүү орж ирсэн нь сайшаалтай. Улс төрийн материалуудад засаглалын хэлбэр хөндсөн нийтлэл олон байгаа нь бас анхаарал татаж байна. Энэ нийтлэлүүдийг iToim.mn сайтад нийтлэн олон нийтэд хүргэж байгаа нь маш завшаантай зүйл гэж бодож байна. Яагаад гэхээр олон сайн нийтлэлийг нэг дороос уншаад мэдлэгээ аваад, зүг чигээ харна гэдэг уншигчдад тэр бүр олдохгүй боломж. Ш.Даваадорж: Уралдаанд ирсэн 27 нийтлэл бүгдээрээ хадаас материал
Шүүгч baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, нийтлэлч Ш.Даваадорж: Нийгэм улс төрийн салбарт болж байгаа үйл явдлуудад мэргэжлийн сэтгүүлчийн үүднээс дүн шинжилгээ хийсэн нийтлэл маш их үгүйлэгдэж байсан энэ үед iToim.mn сайт, Отгонбаяр сангаас ийм уралдаан зарлаж байгаад маш их баяртай байна. Энэ уралдаанд ирүүлсэн 27 нийтлэл үнэхээр сайн байсан. Яг ийм чанар, чансаатай нийтлэл уншилгүй сүүлийн дөрөв, таван жил болсон байна. Дотроо бол ийм нийтлэл бичдэг сэтгүүлч байхгүй болж дээ гэсэн харамсал төрдөг байлаа. Гэтэл үгүй гэдгийг энэ уралдаанд ирүүлсэн бүтээлүүд харууллаа. Бидний дунд мэргэжлийн сэтгүүлзүйг сонгодог утгаар нь авч явдаг дүн шинжилгээ хийж чаддаг, учир шалтгааныг маш зөв гаргаж чаддаг, баримт олж, баримтаа бичиж чаддаг сэтгүүлчид байгаа юм байна гэдэг энэ уралдаанаас олж авсан хамгийн том олз байлаа. Уралдаанд ирсэн 27 нийтлэл бүгдээрээ хадаас материал. Энэ бүхнийг уншигчид бүгд уншаасай гэж бодож байна.
Д.Идэржаргал: Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчиллаасаа ухрах вий гэдэгт санаа зовж байгааг анзаарлаа
Шүүгч МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал: Уралдаанд нийт 27 бүтээл ирсэн. Богино хугацаанд маш сайн зохион байгуулалттай уралдаан болж өнгөрлөө. Уралдаанд оролцсон 27 бүтээлийн тал нь засаглал, ардчилалтай холбоотой бүтээлүүд байлаа. Энэ нь маш сонирхолтой байлаа. Сэтгүүлчид өөрсдийнхөө хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаар санаа зовж байгаа юм байна. Засаглал талаасаа ардчиллаасаа ухрах вий гэдэгт санаа зовж байгаа юм байна гэдгийг анзаарлаа.
Маш сайн дүн шинжилгээ хийсэн, олон эх сурвалжтай, асуудлаа сайн мэдэж байгаа, шинэ санаа гарц гаргалгаа гаргасан бүтээлүүд байсан. Нийтлэлч Отгонбаяр сангийн анхны уралдаан гэхэд маш сайн эхлэл тавигдаж байна гэж бодож байна. Тиймээс энэ уралдаан дараа дараагийн жил улам батжаад монголын сэтгүүлзүйд хүлээлттэй байдаг өндөр чансаатай, стандарттай арга хэмжээ болно гэдэг хүлээлттэй байна.