Open iToim app
Улс төр | 3 мин уншина

ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Засгийн газрын тусгай үүрэгт Элчин сайдаар томилно

ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Засгийн газрын тусгай үүрэгт Элчин сайдаар томилно
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 10
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ.
Тус ярилцлагадаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Засгийн газрын Тусай үүрэгт Элчин сайдаар томилно гэдгээ хэлсэн байна. Тэрээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа" гэжээ.
Цагаан сарын өмнө Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж Засгийн газрын Тусгай үүрэгт Элчин сайдаар томилох саналыг тавьжээ. Тус албан тушаал нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарлаад байгаа 14 мега төслүүдээс хариуцан Монгол Улсыг төлөөлж дотоодод болон олон улстай хэлцэл хийх, урагшлуулах үүрэгтэй байх аж. Мөн Засгийн газрын хуралдаанаар томилгоог хийх юм байна.
1992 оноос хойш манай улсын ҮАБЗ-ийн гишүүнээр 20 орчим хүн ажиллаж байжээ. Тухайлбал, Н.Багабанди, Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ц.Элбэгдорж, С.Батболд, Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, Х.Баттулга, М.Энхболд, Г.Занданшатар зэрэг хүмүүс ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын өмнө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нараас бусад гишүүдтэй уулзаж саналаа тавьсан байна. Одоогоор хэн нь ямар төслийг хариуцах нь тодорхой болоогүй байгаа бөгөөд дээрх хүмүүс ч өөрсдөө аль төслийг хариуцаж ажиллах саналаа хэлээд байгаа аж. Учир нь өөрсдийнх нь бүрэн эрхийн үед ярьж, хэлцэл хийж байсан төслөө хариуцан ажиллах хүсэлтэй хүмүүс ч байгаа гэнэ.
Дэлхийн улс орнууд ч ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээ Засгийн газрын Тусгай үүрэгт элчин сайдаар томилдог жишиг байдаг бөгөөд Ambassador at large гэдэг нэр томьёо бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүсийг Тусгай үүрэгт элчингээр томилсон жишээ цөөнгүй улсад бий. Тус албан тушаалд гадаад бодлого, батлан хамгаалах, тагнуул, олон улсын хууль эрх зүйн чиглэлийн өндөр туршлагатай хүмүүсийг томилдог жишиг дэлхийд байдаг билээ. Жишээлбэл,
  • Натан А. Сэйлс (АНУ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Терроризмтой тэмцэх асуудлаар ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд дараа нь Терроризмтой тэмцэх асуудал хариуцсан Тусгай үүрэгт элчингээр томилогдсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч, төрийн албан хаагчаар ажиллаж байв.
  • Эллиот Абрамс (АНУ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөхөөр 2005-2009 оны хооронд ажиллаж байсан туршлагатай. Албан ёсоор Тусгай үүрэгт элчин гэх цолыг аваагүй ч Венесуэл улсыг хариуцсан Тусгай төлөөлөгч болж, ижил түвшний үүрэг гүйцэтгэж байсан.
  • Роберт Дестро (АНУ) Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хүний эрх, ардчилалтай холбоотой бодлогын асуудлууд дээр ажиллаж байжээ. Тийнхүү Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэгт элчингээр 2019-2021 оны хооронд ажиллаж байв. Мөн тэрээр хууль зүйн профессор, хүний эрхийн идэвхтэн юм.
    Тусгай үүрэгт элчингээр томилогдсон хүмүүсийн олонх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан, ихэвчлэн терроризмтой тэмцэх, тагнуул, хүний эрх, аюулгүй байдлын бодлого хариуцаж байжээ. Төрийн удирдлагын өндөр түвшинд ажилласан хуульчид, дипломатчид, олон улсын харилцааны мэргэжилтнүүд элчингээр томилогдох нь түгээмэл байдаг билээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн