Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар өнөөдөр /2025.03.10/ Хэнтий аймгийн төв Чингис хотод ажиллалаа.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах хууль тогтоомжуудын талаар танилцууллаа. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент анхны намрын чуулганаар эдийн засгаа өсгөн тэлэх үр дүн бүхий дөрвөн томоохон төслийг хөдөлгөх алхмыг хийсэн нь 30 жил гацсан төслүүд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан хэмээн онцлов.
Тэрээр иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр УИХ онцгой анхааран ажиллаж байгааг онцлоод, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар зохицуулж, 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байгааг дурдав. Тиймээс хүн төвтэй бус "байгууллага төвтэй" байдлыг эрс өөрчилж, 3000 гаруй журмыг "журамлах" ажлыг энэ удаагийн парламент хийж эхэлснийг танилцууллаа.
УИХ-ын даргын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг ХАА-н салбарыг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Ийнхүү УИХ 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдэд иргэдийн санал, бодлыг тусгахаар ажиллаж байна.