Онцгой байдлын байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийт 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ.Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71.495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 10-15-ныг дуустал нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи, шуургатай. Нойтон цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Говь, тал, хээрийн нутгаар 18-20 метр секунд хүрч шороон шуурга шуурах урьдчилсан төлөвийг Цаг уурын байгууллагаас бидэнд өгсөн. Агаарын температурын хувьд өмнөх хоногуудаас бага зэрэг хүйтэрнэ. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна. Ер нь зүүн аймгуудын нутаг Архангай, Хөвсгөл зэрэг ой хээрийн түймрийн эрсдэл өндөртэй бүс нутгуудаар энэ жил эрсдэл маш өндөр байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, анхаарал болгоомжтой байж ой хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлд бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.Энэ жил нийт нутгаар дулаахан байсан. Үүнтэй холбоотойгоор гол мөрний мөсний зузаан өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-80 см нимгэн байгаа. Өөрөөр хэлбэл, дээгүүр нь хүн, мал, амьтан явах, тээвэрлэхэд эрсдэл өндөр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хөвсгөл аймагт хоёр иргэн нуурын мөсөнд цөмөрч харамсалтайгаар эрсэдсэн тохиолдол гарсан. Тийм учраас гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, зам товчлох, цаг хожих зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн цас ихтэй газруудад шар усны үеэр гарах эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлж байна.