2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр манай улсад зайлшгүй байх ёстой ч огт байдаггүй агаарын чанарын дөрвөн стандартыг батлах ёстой талаар дурдсан юм. Мөн угаарын хийн цочмог хордлогын улмаас олон хүн хордож, нас барсан байна. Тэдгээр нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгож 1 тэрбум төгрөгийг шаардаж байгаа аж. Мөн бид бүхэн өглөө оройгүй амьсгалж буй хорт утаанаас болж өдөр бүр архаг хордлогод өртдөг байна.
Тэрээр “Би сүүлийн хоёр жилийн хугацаанд эмч хүний хувьд утааны асуудлаар ажиглалтын түвшний судалгаа хийн ажиллаж байна. Үндэсний хэмжээний нарийн судалгааг төрийн том байгууллагууд нь хийх ёстой. Миний хийсэн судалгаагаар Монгол Улсад агаарын чанарын стандарт гэх зүйл байдаггүйг олж мэдлээ. Хамгийн энгийн жишээ бол дотор орчны агаарын чанарын стандартыг тогтоох ажлын хэсэг тав дахь удаагаа байгуулагдсан боловч одоог хүртэл агаарын чанарын стандартаа батлаагүй байна.
Гадаад орчны агаарын чанарын стандарт дээр үндсэн зургаан үзүүлэлтийг үздэг. Гэвч манай улс дэгдэмхий органик нэгдлүүдийг хэмждэггүй. Үүнийг хэмждэг лаборатори байдаггүй, стандартаа нэмж баталдаггүйг олж мэдсэн.
Манай улс 2018 оноос хойш шахмал түлш хэрэглэсэн. Энэхүү шахмал түлш нь маш их ноцтой асуудлыг авчирсан юм. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш нийтдээ 743 хүн угаарын хийн цочмог хордлогын улмаас нас барсан. Гол нь шахмал түлшинд байгаа барьцалдуулагчид стандарт байдаггүй байна. Тэгэхээр бид долоон жилийн хугацаанд ямар ч стандартгүй хор түлж, хордоод яваад байна уу гэх асуудал бий.
Монгол Улсад угаарын хийн цочмог хордлогыг л эмчилдэг стандарттай. Гэхдээ бид бүхний хувьд өглөө оройгүй хорт утаагаар амьсгалж өдөр бүр архаг хордлогод өртөн амьдарч байна. Гэтэл угаарын хийн архаг хордлого гэж огт яригддаггүй.
Ийм учраас би өнөөдөр Монгол Улсынхаа иргэн хүний хувиар Засгийн газарт гомдол гаргаж байна. Төр шахмал түлшийг үйлдвэрлэсэн болохоор төр хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас Засгийн газарт гомдол гаргалаа. Энэхүү гомдолд дээр дурдсан асуудалтай холбоотойгоор дөрвөн төрлийн стандартыг батлах болон угаарын хийн хордлогоос болж нас барсан иргэний ар гэрт тус бүр 1 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан.
Сүүлд утааны сонсголоор маш их зүйл ил боллоо. Өөрөөр хэлбэл, нүүрсний шинжээч нь барьцалдуулагчийн стандарт, эрдсийн стандартыг тогтоож өгөөгүй учраас бид нар энэ түлшийг сайн, муу гэж хэлэх боломжгүй гэж хэлсэн. Мөн эрүүл мэндийн шинжээч нь хүртэл тоо баримтаа мэдэхгүй байсан. Энэ нь манай улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар нь монгол хүний амь нас, эрүүл мэндэд анхаарал тавихгүй байна гэсэн үг.
Нийт 17,300 хүн угаартаж үүнээс 743 нь нас барсан байна. Тэгэхээр цаана нь байгаа 16,000 гаруй хүн угаартаж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Хүн угаартах үед тархины эсийн үхжил үүсдэг. Удаан хугацаанд угаартсан бол илүү хортой явагддаг. Тиймээс угаарын хийн хордлогоор хордож байсан болон нас барсан иргэдийн ар гэрийнхэн надтай холбогдоосой гэж хүсэж байна" гэлээ.