Боловсролын багц хууль батлагдсанаар 2025-2026 онд гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэлний хичээл заахаар болсон билээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийнхны сургалтын хөтөлбөр болон сурах бичиг шинэчлэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-ЕБС-ийн сурах бичгийн агуулгыг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын үйл явц хэдэн хувьтай явж байгаа вэ. Сурах бичгийн агуулгад ямар өөрчлөлтүүдийг оруулж байгаа бол?
-Нэг болон хоёрдугаар ангийн сурах бичиг нэлээд сайн өөрчлөгдөж байна. 3-5 дугаар ангийн сурах бичгийг шинэчлэх ажил 50 хувьтай явж байна. Энэ жилийн зургаадугаар сараас 6-12 дугаар ангийн сурах бичиг болон хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Сурах бичиг болон хөтөлбөрийг шинэчлэх ажлыг 2-3 жил хийх юм. Агуулгын хувьд юун түрүүнд алдаагүй байх ёстой. Бага сургуулийн сурах бичгийн амин сүнс нь зурагтаа байдаг. Энэ зургийг мэргэжлийн компаниудаар хийлгэхээр тендер зарлаж байна. Нэлээд өндөр үнэтэй тендер байгаа. Ямар нэгэн интернэтээс хуулсан зохиогчийн эрхгүй зураг болон монгол хүүхдийг илэрхийлэхгүй зургийг оруулахгүй байх бодлого барьж байна.
-Сурах бичгийн үнийн хувьд хэдээр гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Сурах бичиг 1-5 дугаар ангид үнэгүй байгаа. Харин зургаагаас дээш ангид сурах бичгийн шинэчлэл хийгдэж эхлээгүй байгаа болохоор одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ байж болох хамгийн хямд үнээр түрээсэлнэ. Эцэг эхчүүд өөрсдөө хүсвэл худалдаж авч болно. Аль болох эцэг эхчүүдэд очих санхүүгийн дарамтыг багасгахыг хичээнэ.
-Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар хуульчилсан. Бэлтгэл ажил нь хэр байна. Туршилтын сургуулиудын үр дүн ямар байна вэ?
-Одоогийн байдлаар 106 сургуульд туршиж байна. Тавдугаар сарын сүүлээр үр дүн гарна. Үр дүнд үндэслээд сурах бичиг ашиглах, агуулга нь ямар байх зэрэг нь тодорхой болно. Бид бэлтгэл ажлаа хангаж байна. Сурах бичиг нь бэлэн. Тодруулбал, Pearson хөтөлбөрөөр заана. Харин англи хэлийг хэнээр заалгах вэ гэдэг асуудалтай тулгараад байна. Боловсон хүчний асуудал хүнд байна. Гэхдээ бид нийт бага ангийн багш нараасаа өөрсдөө сураад заах боломжтой эсэхийг асууж эхэлнэ. Бага ангийн багш нар өөрсдөө англи хэл заах хүсэлтэй бол бэлдээд өгнө. Хичээлийн бэлтгэлүүд бүгд бэлэн байна. Тэгэхээр бага ангийн багш нар өөрсдөө англи хэл зааж чаддаг чадварлаг боловсон хүчин болох нь. Харин бага ангийн багш нар үнэхээр англи хэл заах боломжгүй бол шинэ багш нэмнэ.
-Тэгвэл хүний нөөцийн хомсдолоо багасгах тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Засгийн газраас эрэлттэй тэргүүлэх мэргэжлийг таван жил тутамд зарладаг. Энэхүү мэргэжлүүдээр суралцахад боловсролын зээл, тэтгэлэг түлхүү олгогдоно гэсэн үг. Зөвхөн МУБИС биш бүх сургууль чанартай багш бэлтгэх тал дээр анхаарах ёстой. Мөн хосолсон мэргэжлээр багшлах эрхийн үнэмлэхийг олгож эхлэх ёстой юм. МУИС-д маш чанартай байгалийн ухаан, математикийн мэргэжилтнүүд төгсдөг. Эдгээр хүмүүс бүгдээрээ багшлах эрхтэй төгсөх ёстой. Хэрэв бодлого ингээд явбал багшийн дутагдал арилна. Хоёрдугаарт, багш илүү чанаржиж эхэлнэ. Гуравдугаарт, өрсөлдөөн үүснэ. Зөвхөн нэг сургуульд багшийг бэлдэхээр өрсөлдөөн байхгүй учраас хоцрогдол бий болоод байна. Хоцрогдол бол бодитой байна.
-Багш мэргэжлээр сурч буй хүмүүсийн төлбөрийг хөнгөлөөд байгаа. Тэгвэл эргээд ажиллуулах тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Ажлын байр бэлэн байна. Хамгийн багадаа таван жил ажиллах ёстой. Ингэж байж төлбөрөөсөө хөнгөлөгдөж байгаа. Энэ зөв бодлого.
-Багшийн хомсдол үүсээд байгаа хамгийн гол шалтгаануудын нэг бол цалин гэдэг. Цалин нэмэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж байна. Засгийн газраас шийдвэр гараад бүх төрийн албан хаагчид 6 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн цалин 6 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Боловсролын яамны зүгээс боломжоороо хоолны нэмэгдлийг олгож эхэлж байна. Энэ нь сар болгон нийслэлд 172 мянган төгрөг, орон нутагт 102 мянга орчим төгрөг олгогдож байгаа. Бид цалинг бодитойгоор нэмэхийг хичээж байна. Цаашдаа ч гэсэн бодитой нэмэгдэл олгоод явна. Багшлахуй гэдэг бол хамгийн сайхан, аз жаргалтай, нэр хүндтэй ажлын нэг. Ийм учраас энэ хандлага өөрчлөгдөнө гэж харж байгаа.