Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос гэх таван гишүүн улсаас бүрдэх Евразийн эдийн засгийн холбоо анх 2015 онд байгуулагдаж байв. Уг холбоо эдийн засгийн интеграциар дамжуулан гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хялбаршуулах зорилгоор байгуулагдсан түүхтэй.
Евразийн эдийн засгийн холбоо үүсгэн байгуулагдсан цагаасаа гишүүн бус орнуудад ажиглагч статус олгох, мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар гадаад харилцаагаа өргөжүүлсээр ирсэн. Одоогоор Монгол, Узбекистан, Куба, Молдова гэсэн дөрвөн улс ажиглагч статустай бөгөөд тус холбоотой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа билээ. Монгол Улс мах, ноолуур зэрэг барааг ЕАЭЗХ-ны орнуудад экспортлох боломжийг судалж байгаа бол Узбекистан, Казахстан зэрэг улсууд ОХУ-тай худалдаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа аж. Харин Куба улс Латин Америкийн орнуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ажиглагч болжээ.

Вьетнам, Иран, Серби зэрэг улсууд ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Вьетнамын хувьд тус холбооны анхны чөлөөт худалдааны түнш гэдэг утгаараа худалдааны эргэлт нь эрчимтэй өссөн. Ирантай байгуулсан түр хэлэлцээр байнгын хэлэлцээр болох чиглэлд үргэлжилж байгаа бол Сербийн хувьд хүнс, химийн бүтээгдэхүүн, машин механизмын салбарт тарифын хөнгөлөлт эдэлж байна. Түүнчлэн Египет улстай хийж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ нь тус холбооны гадаад худалдааны хамрах хүрээг тэлэх томоохон алхамд тооцогдож байгаа аж.
Мөн ЕАЭЗХ-ны гишүүн болон ажиглагч улсуудын ихэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байснаараа онцлогтой. Социалист төлөвлөгөөт эдийн засагтай, улс төрийн нэг намын системийг урт хугацаанд баримталж байсан улсууд гэж тодорхойлж болно. Харин одоо холбооны гишүүн болон ажиглагч улсуудын засаглалын тогтолцоог парламентын болон ерөнхийлөгчийн засаглал давамгайлж байна.
ЕАЭЗХ нь олон улсын эдийн засгийн харилцаанд чухал үүрэгтэй бөгөөд стратегийн байрлал, геополитикийн нөлөө, эдийн засгийн өсөлтөд ихээхэн үр нөлөө үзүүлдэг ч гишүүн орнуудад зарим талаар сорилт, бэрхшээл үүсгэж байна. Тэгвэл Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудал яригдаж байгаатай холбоотойгоор тус холбоонд нэгдэн орсноор бий болох эрсдэл хийгээд ашиг тусыг тоймлон хүргэж байна.
ЕАЭЗХ-нд нэгдэн орсноор бий болох эерэг үр дагаврууд
ЕАЭЗХ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, гишүүн орнуудад худалдааны давуу талуудыг бий болгох боломжийг олгодог. Тэгвэл холбооны эдийн засгийн интеграци нь гишүүн орнуудын нийлмэл ДНБ-ийг 2030 он гэхэд 25 хувиар нэмэгдүүлэх тооцоотой байгаа бөгөөд цаашлаад 600 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна худалдааны хялбаршуулалт, тарифын хөнгөлөлт, экспортын нэмэгдэлт зэрэг нь гишүүн орнуудын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Армени улсын хувьд ЕАЭЗХ-д элссэнээс хойш жил бүр 250 сая ам.долларын гаалийн орлого олж, олон бүтээгдэхүүн дээр тарифын давуу тал олж авсан нь энэ холбооны ашиг тусыг харуулж байна.
ЕАЭЗХ-нд нэгдэн орсноор бий болох сөрөг үр дагаврууд
Зоос хоёр талтай гэдэг шиг ЕАЭЗХ-нд нэгдэн орсноор бий болох сөрөг үр дагаврууд ч бий. Жишээлбэл гишүүн орнуудын эдийн засгийн тэгш бус байдал, улс төрийн зөрчил, геополитикийн бэрхшээлүүд холбооны амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тус холбооны гишүүн орнуудын эдийн засгийн түвшин ялгаатай байгаагаас үүдэн зарим оронд эдийн засгийн өсөлт авчирч байгаа ч, зарим оронд эдийн засгийн хүндрэл бий болгож байна. 2024 оны арванхоёрдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нарын хооронд ширүүн маргаан үүссэн нь холбооны дотоод зөрчилдөөнийг илэрхийлсэн үйл явдал байлаа хэмээн олон улсын хэвлэлүүд шуугиад амжсан.
Евразийн Эдийн Засгийн Холбооны худалдааны ашиг тус ба эрсдэлүүд
Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд гишүүн орнуудын хооронд тарифын хөнгөлөлттэй худалдаа эрхлэх нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлдэг. Гэвч эдгээр ашиг тус бүх гишүүн орнуудад тэгш үйлчлэхгүй. Орос, Казахстан зэрэг томоохон эдийн засагтай улс орнууд илүү ашиг хүртэж байхад жижиг эдийн засагтай Армени, Киргизстан зэрэг орнууд эдийн засгийн өсөлтөө хадгалахад хүндрэлтэй тулгарч байгаа аж.
Түүнчлэн худалдааны тэнцвэрийн алдагдал үүсэх магадлалтай юм. Тарифын хөнгөлөлттэй худалдаа нь Киргизстан, Армени зэрэг орнуудад импортын урсгалыг нэмэгдүүлэх боловч экспортын хэмжээ нь хангалтгүй байгаагаас худалдааны тэнцвэрийг алдагдуулж болзошгүй.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар ЕАЭЗХ геополитикийн дарамт, барууны хориг арга хэмжээ зэрэг олон сорилттой тулгарч байна. Барууны эдийн засгийн хоригууд, худалдааны сөргөлдөөн нь Орос болон түүний түншүүдийн хоорондын эдийн засгийн харилцаанд саад болж, холбооны интеграци, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа аж. Түүнчлэн гишүүн орнуудын хоорондын улс төрийн зөрчил, дипломат харилцаанд үүсэж болох сорилтууд нь ЕАЭЗХ-ийн дотоод эв нэгдлийг сулруулж, холбооны ирээдүйн хөгжилд тодорхой саад болж магадгүй.
Монгол Улс ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр худалдааны боломжууд нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг олон давуу талыг олж авах боломжтой. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлж, импортын зардлыг бууруулахад тусална. Мөн манай улс төмөр зам, авто замын холболтоо сайжруулж, дэд бүтцийн хөгжилд шинэ боломжуудыг нээж, тээвэр, ложистикийн салбараас нэмэлт орлого олох боломжтой гэж харж байна.
Гэсэн хэдий ч Монгол Улс ЕАЭЗХ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр тодорхой хэмжээний эрсдэлүүдтэй тулгарах магадлалтай байна. Хоёрдугаарт, монголын дотоод үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна үндэсний аюулгүй байдлыг хохироох эрсдэл үүсэж болзошгүй. Түүнчлэн импортын нэмэгдэл, худалдааны тэнцвэрийн алдагдал, Монгол Улсын эдийн засгийн хамааралд сөргөөр нөлөөлөх талтай нь ажиглагдаж байна.
Бизнесийн салбарынхны эсэргүүцэл
Монголын бизнесийн салбарынхан ЕАЭЗХ-ны ЧХХ-ийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн санааг илэрхийлж байна. 2024 оны арванхоёрдугаар сард Монголын бизнесийн салбарынхан энэ хэлэлцээрийг хойшлуулахыг шаардсанаас гадна Монгол Улс дахь үйлдвэрлэлийн сөрөг нөлөөг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан юм.
Эдгээрээс харахад ЕАЭЗХ нь гишүүн орнуудад эдийн засгийн өсөлт, худалдааны хялбаршуулалт гэх мэт шинэ боломжуудыг санал болгож байгаа ч, геополитикийн орчны хүндрэлийн улмаас энэ холбооны цаашдын хөгжлийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Монгол Улс ЕАЭЗХ-нд нэгдсэн тохиолдолд худалдааны боломжууд нэмэгдэх ч, гадаад орчны сорилтууд болон дотоод үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэх нэн шаардлагатай байгаа юм.