Open iToim app
Үйл явдал | 7 мин уншина

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Япон улсад ямар учиртай айлчлал хийсэн бэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Япон улсад ямар учиртай айлчлал хийсэн бэ
Ч.Сумъяа
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн энэхүү айлчлал нь энэ зун Монголд хийх Японы Эзэн хаан Нарухито-ын анхны түүхэн өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангуулах эхлэл болж өгөв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны хооронд Япон улсад албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх байв. Түүний энэхүү айлчлал нь 2022 онд хоёр улсын удирдагчдын гарын үсэг зурсан "энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн хамтын ажиллагааг эхлүүлсэн хамтарсан мэдэгдэлд үндэслэсэн бөгөөд уг түншлэлийн хүрээнд Япон-Монголын хамтын ажиллагааг онолын түвшнээс бодит үйл ажиллагаанд шилжүүлэхэд чиглэж байна‌.
Айлчлалын үеэр, Б.Батцэцэг Японы Ерөнхий сайд Ш.Ишиба‌, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга М.Хаяши, Гадаад хэргийн сайд Т.Иваяа‌-тай албан ёсоор уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх талаар хэлэлцсэн.‌ Мөн тэрбээр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны Ордны Ёслолын албаны дарга, Элчин сайд Ж.Ихара, Япон Улсын Ерөнхий сайд асан, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ф.Кишида, түүнчлэн “Ниппон” сангийн тэргүүн Ё.Сасакава, Японы Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч А.Сэикэ зэрэг дипломат, эдийн засаг, нийгмийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчидтэй олон талын яриа хэлэлцээ хийсэн.
Япон, Монголын төлөөлөгчид албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр 4 сард Осака хотноо эхлэх “Дэлхийн Экспо-2025” үзэсгэлэн болон олон улсын тулгамдсан асуудал, тэр дундаа Украины нөхцөл байдлын талаар санал солилцов. Мөн Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойлголцож, хамтран ажиллах боломжийн талаар талууд онцлон тэмдэглэв. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн дэх Энх тайвны дурсгалын музейд зочилж, цөмийн бөмбөгдөлтөд өртөж хохирогсдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Б.Батцэцэг Хирошима мужийн захирагч Х.Юзакитай албан ёсны уулзалт хийсэн бөгөөд Монголын төлөөлөгчид мөн Хирошимагийн их сургуульд зочилж, тус сургуулийн ерөнхийлөгчтэй уулзав. Б.Батцэцэг Хирошимагийн их сургууль болон Монголын их, дээд сургуулиудын хоорондын идэвхтэй солилцоо, хамтын ажиллагаа өрнөж, тэр дундаа Улаанбаатар хотод Монгол судлалын төв байгуулсаныг өндрөөр үнэлэв.
Нэгдсэн Үндэстний Их Сургууль (UNU)-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” симпозиумд үндсэн илтгэгчээр Б.Батцэцэг оролцлоо. Тэрээр Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн талаар илтгэлдээ дурьдав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ удаагийн Японд хийсэн айлчлалын гол зорилго нь ‌аюулгүй байдлын хамтын ажиллагаа‌ болон ‌дээд түвшний уулзалтуудаар Монгол-Японы стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг "холбоос" болгон Монголын ‌"Гуравдагч хөршийн бодлого"‌-г Японы ‌"Энэтхэг-Номхон далайн алсын хараа"‌-тай уялдуулахад оршиж байна.
Монгол нь Хятад, Орос хоёр том гүрний дунд орших далайд гарцгүй‌ орон бөгөөд худалдаа, тээвэр зэрэг салбарт эдгээр орнуудаас ихээхэн хамааралтай байсаар ирсэн. Энэхүү хамаарлаас үүдэлтэй эрсдлээ бууруулах зорилгоор Монгол 1990-ээд оноос хойш ‌"Гуравдагч хөршийн бодлого"-оо хэрэгжүүлж, Улаанбаатар Япон улсыг гол түнш орнуудын нэг болгон бусад улстай дипломат харилцаа өргөжүүлэхэд идэвхтэй ажилласан.
2022 онд Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэж, хоёр улс харилцааг "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл" хэмээх шинэ түвшинд дээшлүүлсэн. 2024 оны 8-р сараас  "Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улс Япон Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг Б.Батцэцэгийн айлчлалаар гол стратегийн яриа хэлэлцээний сэдвүүдийн нэг болгосон юм.
Монгол улс Японы ‌албан ёсны хөгжлийн тусламж (ODA)‌-г ашиглан дотоодын ‌дэд бүтцийн төслүүдийг‌ идэвхтэй хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөл‌, Японы санхүүжилтээр хэрэгжүүлэх энэхүү төсөл нь зөвхөн нисэх буудлын үйл ажиллагааг сайжруулахаас гадна Монголыг ‌гадаад ертөнцтэй холбох‌ чадавхийг бүхэлд нь дээшлүүлэхэд чиглэж байна. Ийм дэд бүтцийн хамтын ажиллагаагаар Монгол улс Хятад, Оросын эдийн засгийн хамаарал хэт нөлөөллөө багасгах, илүү олон талт эдийн засаг хөгжлийн загвар бүтээх, мөн өөрийн эдийн засгийн өөртөө тогтвортой байдал, уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.
Аюулгүй байдлын салбарт Монгол Улс Японтой хамтран дэвшилтэт батлан хамгаалах тоног төхөөрөмж, технологи олж авахыг эрмэлзэж байна. 2024 оны “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай гэрээ” нь энэ зорилгод хүрэх Монголын эхний чухал алхам юм. Улам бүр төвөгтэй, өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдалтай нүүр тулж буй Монгол улс гадны хүчний дэмжлэгээр батлан хамгаалах, цэргийн чадавхаа нэмэгдүүлж, үндэсний аюулгүй байдал, хамгааллын өөртөө тогтвортой байдлыг бэхжүүлэн, ирээдүйн учирч болохуйц аюул заналд илүү үр дүнтэй реакци үзүүлэх стратеги боловсруулж байна.
Япон улс нь Монгол улсаас газар зүйн хувьд хол байрладаг ч Япон улс Монголыг өөрийн "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги"-йн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Ялангуяа Япон улс эдийн засгийн тусламж, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаар Монголын ардчилсан өөрчлөлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн үйл явцыг бүрэн дэмжиж байна. Монголыг дэмжих замаар Япон улс Төв Азид нөлөөллөө өргөжүүлж, "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн алсын хараа"-гаа түгээхэд таатай стратегийн орчныг бүрдүүлэхээр хичээнгүйлсэн үйл ажиллагаа явуулж байна.
Япон улс албан ёсны аюулгүй байдлын тусламж (OSA) болон батлан хамгаалах тоног төхөөрөмжийн шилжүүлэг-ээр Монголын батлан хамгаалах цэргийн чадавхийг нэмэгдүүлж, Монгол дахь Хятад, Оросын хэт нөлөөлөл хамаарлаас багасгах чиглэлд дэмжлэг үзүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Японы өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэх төдийгүй, Зүүн Хойд Азийн стратегийн төлөвлөлтөд чухал хувь нэмэр оруулна. Монголын геополитик чиг хандлагыг нөлөөлөх замаар Япон улс бүс нутгийн хүчний тэнцвэрт илүү идэвхтэй оролцож, стратегийн байр сууриа бэхжүүлж байна гэж харж болохоор.
Нөгөө талаар, Монгол Улс ашигт малтмалын арвин нөөцтэй, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтын асар их эрэлт хэрэгцээтэй байгаа нь Японы компаниудад зах зээлийн өргөн орон зайг бий болгож байна. Япон улс нь албан ёсны хөгжлийн тусламж (ODA) болон “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ээр дамжуулан Японы компаниудад Монголд илүү олон хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлж, хилийн чанадад зах зээлээ тэлэх, эдийн засгийн үр өгөөж хүртэх, дотоодын эдийн засгийн хөгжлөө дэмжих зорилготой байна.
Батцэцэгийн айлчлал нь Япон-Монголын харилцаанд онцгой ач холбогдолтой жилийн эхлэл боллоо. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны Ордны Ёслолын албаны дарга, Элчин сайд Ж.Ихара-тай хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэнээр, Японы Эзэн хаан Нарухито болон Хатан хаан Масако 2025 оны 7-р сард Монголд айлчлах төлөвтэй байна. Нарухито нь 2007 онд Хунтайж байхдаа Монголд айлчилж байсан.
Монгол Улсын Засгийн газрын урилгаар болох Японы Эзэн хаан Нарухито болон Хатан хаан Масако нарын энэ удаагийн айлчлал Монголын хамгийн том уламжлалт үндэсний баяр наадмын өдрүүдээр төлөвлөгдөж байна. Үүний зэрэгцээ тэрээр 2025 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тохиож байгаа тул айлчлалын үеэр ялангуяа дайны дараа хуучнаар ЗХУ-д баривчлагдан Монголд амь үрэгдсэн 14 мянга орчим олзлогдсон япон цэрэг болон иргэдийн ​​Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь дурсгалын цогцолборт  очиж дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцох юм.
Улаанбаатарын хувьд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Орос, Хятад улс томоохон ойн арга хэмжээ зохион байгуулж байгаа энэ үед геополитикийн нарийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатай байна. 2-р сарын дундуур ОХУ-ын ГХЯ-ны сайд С.Лавров хэлэхдээ, 5-р сарын 9-ний Ялалтын баяраар Хятад улсын дарга Ши Жиньпин Москвад, 8-р сарын сүүл буюу 9-р сарын эхээр Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Оросын ерөнхийлөгч В.Путин Бээжинд айлчилна. Мөн Монголын удирдагчдыг Бээжин, Москвад болох арга хэмжээнд оролцохыг урьсан.
10 жилийн өмнө буюу, 2015 онд Хятад улс 9-р сарын 3-нд фашизмын эсрэг дайны ялалт болон Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНХАУ-д айлчлахыг урьж, Монголын цэргийн албанаас мөн 75 цэргээ цэргийн жагсаалд оролцуулжээ. 2015, 2020 онд Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70, 75 жилийн ойд зориулсан Москва хотын Улаан талбайд болсон ялалтын жагсаалд Монголын зэвсэгт хүчин мөн оролцсон. 2021 онд зөвхөн Ялалтын баяр төдийгүй Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэхэд Монголын цэргүүд оролцож байв.
Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Японы эзэн хаан Улаанбаатар хот дахь дайнд амь үрэгдэгсдийг хүндэтгэхээр япон иргэдийн дурсгалын цогцолборт хүрэлцэн ирэх нь Япон улс түүхийн өмнө ямар хариуцлага хүлээж байгааг харуулж байна. Энэхүү алхам нь олон улсын хамтын нийгэмлэгт энх тайван, эвлэрлийн мессежийг хүргэх зорилготой бөгөөд энэ нь Японы хариуцлагатай том гүрэн болох дүр төрхийг бүрдүүлэхэд туслах болно.
Японы эзэн хаан мөн айлчлалын үеэр үндэсний баяр наадмын ёслолд оролцож байгаа нь Япон улс Монголын соёл уламжлалыг хүндэтгэн дээдэлж буйн илэрхийлэл юм. Япон улс хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлж, найрсаг харилцааг дэмжих олон нийтийн дэмжлэгийг улам бэхжүүлж, хоёр орны соёлын солилцоог хөгжүүлэхийг зорьж байна.
Тиймээс Японы эзэн хааны Монголд хийх гэж буй энэхүү айлчлал нь соёлын солилцоо, түүхийг дурсах, дипломат харилцааг гүнзгийрүүлэх зэрэг хэд хэдэн зорилготой төдийгүй геополитикийн ач холбогдолтой юм.
Эзэн хаан Нарухито өмнө нь Их Британи (2022, 2024) болон Индонезид (2023) айлчилж байсан бөгөөд айлчлал болгондоо Япон улс олон улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг тусгадаг. Түүний энэ удаад Монголд хийж буй айлчлал нь энэхүү уламжлалын үргэлжлэл болж, Япон, Монголын харилцаанд шинэ эрч хүч оруулах нь дамжиггүй.
Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны гуравдугаар сарын 07-нд "Why Did Mongolia’s Foreign Minister Visit Japan?" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.‌‌‌
Ч.Сумъяа
+ Дагах
Олон улс судлаач, эдийн засагч мэргэжилтэй
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн