Open iToim app
Анализ | 9 мин уншина

Эрх чөлөөгөө хамгаалж, эрх мэдлийг хязгаарлая

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 7
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан. Энэхүү тэргүүн нийтлэлийн уралдаанд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Хүслэнгийн ирүүлсэн бүтээлийг хүргэж байна.
undefined
undefined
Сар шинэ бол хахирган өвлийг өнтэй давснаа бэлгэшээж, амар мэндээ мэдэлцдэг сайхан баяр. Уг нь энэ үеэр муу үг хэлдэггүй л гэдэг. Тун удахгүй баяр наадам шувтарч, бодит амьдралтайгаа нүүр тулах үе ирнэ.
Шинэ он гарснаас хойш улс төр, нийгмийн амьдрал “ширүүн” үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарч, ёс зүйгүй үг, үйлдлээрээ олонд нүдлэгдсэн гишүүдийг эгүүлэн татах тухай хэлэлцээд амжив. Үүгээр тогтохгүй Эрх чөлөөний эвсэл намаас татварын тогтолцоо, агаарын бохирдол, төрийн данхар бүтэц, эрх мэдлийн төвлөрлийг эсэргүүцэн “Засгийн газар огцор” хэмээх тайван жагсаал зохион байгуулсныг уншигч та санаж буй байх. Харин тэд тун удахгүй “Ерөнхий сайд огцор” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй. Нэгдүгээр сарын 29-нд Засгийн газар хуралдаж, хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хаврын морин уралдаан зохион байгуулах, эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хүүхдийн эрхийн томоохон ухралт болсон хэмээн нэр бүхий УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байв. Удалгүй БГД-ийн 22 дугаар хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэргийн талаар талийгаачийн том хүү О.Одбаяр мэдээлэл хийж, хэвлэл мэдээллийнхэнд хандсан нь олон нийтийг цочирдуулсан юм.
Дээрх үйл явдлууд бол өнгөрсөн хоёр сарын хугацаанд болж өнгөрсөн нь. Зүй тогтлоор нь ажвал энэ бүхний цаана төрийн шийдвэрийн үр дагавар, үйлдэхүй, эс үйлдэхүй яригдана. Товчхондоо, төрийн хариуцлагын тухай хүчтэй шүүмжлэлүүд нийгэмд өрнөж, эхнээсээ эсэргүүцлийн бодитой үйлдэл болж байна. Иргэний болон улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг үндсэн хуулиар баталгаажуулсан байдал, чөлөөт, бие даасан хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх, хууль дээдлэх ёс, үндсэн хуулийн хяналт бол ардчилсан улсын нүүр царай, гялтайх ганц нь. Харин сүүлийн жилүүдэд гарч буй ардчиллын түвшинг үнэлэх хэд хэдэн томоохон индекс судалгааны үр дүн манай улсыг хагас ардчилалтай, эсвэл бүр ардчилалгүй гэж тодорхойлоход дөхсөнийг илтгэж байгаа нь нууц биш.
Монгол Улс дахь ардчилал улам хумигдсаар байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөн сөрөг хүчнийг сулруулах, цахим сүлжээнд хяналт тогтоож, асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжийг хаах, медиагаар дамжуулан суртал ухуулга явуулж, аажим аажмаар эрх мэдлийн төвлөрөл үүсгэх замаар дарангуйлал тогтдог. Унгарын Виктор Орбан, Венесуэлийн Уго Чавес, Николас Мадуро нарыг харахад ойлгомжтой.
Монгол Улсын ардчиллын суурь хэрхэн ганхаж, хүний эрх хэрхэн дордож буйг эрх мэдлийн төвлөрөл, хэвлэлийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гурвын хүрээнд задалъя.
НЭГ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3.1-т “Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино” хэмээсэн. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд парламент дөрвөн нам, нэг эвслээс бүрдэх болов. 2020 оны сонгуульд МАН 62, АН 11, бусад намаас 3 суудал авч байсан бол энэ удаад МАН 68, АН 42, ХҮН найм, ИЗНН, Үндэсний эвсэл тус тус дөрвөн суудал “атгаж” чадсан юм. Дотоод “зодооноо” намжаасан ч, “шарх” нь бүрэн эдгээгүй АН сонгуульд давхиж ороод 42 суудал авсан нь парламентаа төрөлжүүлэх, засаглалаа сайжруулах иргэдийн хүслээс гадна, сөрөг хүчин бий болгох эрмэлзэл яах аргагүй мөн. Гэтэл төд удалгүй МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулж, 16 яам, 22 сайдтай ажиллахаар болсон нь сонгогчдын итгэл рүү ус цацсан явдал болсон нь нууц биш. Ингэхдээ тэд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурцгааж, тодорхой ажлуудыг хамтарч хийхээр болсон юм. Иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн үү гэх асуултад намын дарга нар хариулахдаа “Томоохон төслүүдэд хамтран ажиллаж байж л амжилтад хүрнэ” гэх агуулгатай зүйл ярьж байв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж буй. Шалтгаан нь ардчиллын үнэт зүйлүүд хумигдаж, засаглалын хямрал нүүрлэсэн, сүүлийн долоон жилийн хугацаанд 800 орчим хүн угаартаж нас барсанд юм. Үүнд одоогоор УИХ-ын гишүүн, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар гарын үсэг зураад байгаа. Гэтэл АН-ын дарга “үүрнээсээ” цухуйхдаа “Намынхаа бодлогыг дагаагүй Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт хариуцлага тооцно” хэмээсэн нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг үгүйсгэж, өөрийгөө эрх барьж буй намын “хамгаалагч” болсноо зарлачхав уу гэлтэй. Ардчилсан нам ямар ч ардчилалгүй нам болжээ. Мөн Ч.Лодойсамбуу, Л.Гантөмөр нарын ашиг сонирхол аль эрт салсан байж болзошгүй. Мега төслүүдэд засгийн бүрэлдэхүүн хамтран ажиллаж, урагшлуулах нь мэдээж зүй хэрэг. Гэвч өнгөрсөн хугацаанд гаргасан МАН-ын алдаатай шийдвэрийн үр дүнг хамтарсан засагт нэгдсэн намууд ч хуваалцана. Ингэж нэрээ сэвтээх хэрэг байна уу. Атал цаанаа эрх барих намын даргатай “зузаан” ашиг сонирхолтой мэт хардлага төрүүлэхүйц Л.Гантөмөрийн үг, үйлдэл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг албан тушаалаа бататгах зорилгоор эрх мэдлийн төвлөрөл үүсгэж байж болзошгүй хэмээн таамаглаж болох.
УИХ дахь цөөнхүүд шийдвэрт нөлөөлөх хувь бага гэдэг утгаараа УИХ-ын үйл ажиллагаанд сул оролцдог тал бий. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнтэй холбогдуулан “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийхдээ “Цөөн суудалтай ч бид урдаа тавьсан зорилго, хэрэгжүүлэх ажлынхаа ард гарахын төлөө ажиллана. Монголын төрд яах аргагүй хяналт хэрэгтэй болсон. Үүнийг миний бие Н.Номтойбаяр манлайлах болно” гэж байв. Ингэж эхэлсэн ч төрд хяналт тавьж, шийдэл санал болгож байгаа нь одоогоор алга.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харилцаа хуулиар нарийн зохицуулагдсан. Үүнтэй зэрэгцээд дээрх эрх мэдлүүд нэгнийхээ нөлөөнд орох вий гэсэн хардлага бий.  Харин нэгдүгээр сарын 24-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны явцад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүгчийн үйл ажиллагааны тухай хийсэн мэдээлэлд ШЕЗ, Захиргааны хэргийн танхим, Захиргааны анхан, давж заалдах шатны шүүхүүд эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж, шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөсөн гэж үзээд, ээлж дараалан мэдэгдэл гаргасан. Ингэх нь ч зөв. Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй субъект. Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх ёстой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тусдаа, аль аль талдаа нөлөөлөхгүй үйл ажиллагаагаа явуулах нь ардчилсан үндсэн хуулийн үнэт зүйлүүдийн нэг. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүнээс бусад субъектээ замд нь дэгээдэх, бүрэн эрхэд нь нөлөөлөхийг завдсан үйлдэл гарч байгаа нь зохимжтой зүйл үү.
УИХ-д олонх суудал авсан намаас Ерөнхий сайд томилогддог тул хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоорондын зааг бүдгэрэхэд хүрч байна. Түүнчлэн дээр дурдсан Ерөнхий сайдын үйлдэл даамжирвал төрийн эрх мэдэл хуваарилалт алдагдахад хүргэж болзошгүй. Эрх мэдлийн төвлөрлийг задлахын тулд хууль тогтоох, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай юм. Парламентыг хяналтыг бэхжүүлж, төрийн албаны томилгоог ил тод, мерит зарчмаар явуулах, сайдууд болон ерөнхий сайдыг иргэдийн оролцоотой сонгодог болох нь ардчиллаа хадгалж үлдэх гарц болоод байна.
ХОЁР.
Төрийн байгууллагууд болоод хотын даргын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба сэтгүүлчдийн асуултад хариулахгүй, мэдээлэл өгөхдөө хойрго, хаалттай болсонд сэтгүүлзүйн салбарынхан шүүмжлэлтэй ханддаг. Зарим хэвлэл мэдээллийн алба нь телевизийн дайтай тоног төхөөрөмжтэй, тэрбумаар хэмжигдэх төсөвтэй гэлцэх. Түүнчлэн сүртэй, нүсэр хийцтэй рийл бичлэг цацаж, ажлаа тайлагнадаг нь Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн улс төрийн албан тушаалтнуудын дунд “моод” боллоо.
1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-т “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан нь тун оновчтой хэдий ч тунхгийн шинжтэйгээс гадна хэрэгжилт хангалтгүй. Төр хувьдаа хэвлэл мэдээллийн албатай байж, түүгээрээ мэдээлэл дамжуулах нь олон талын байр сууриас мэдээлэл авах иргэдийн мэдэх эрхийн эсрэг үйл ажиллагаа. Нөгөөтээгүүр, хэвлэлийн эрх чөлөөнд ч халдаж буй хэлбэр.
Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн. Нийгмийн харилцаа хувьсахын хэрээр хуульд ч нэмэлт, өөрчлөлт орох нь зүй. Гэхдээ тус хуулийн төсөлд “сэтгүүлч”, “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “худал мэдээлэл”, “илт худал мэдээлэл”-ийг томьёолсон нь шууд утгаараа хэвлэлийн эрх чөлөөнд халдсан агуулгатай. Үүний тухай өөр нийтлэлээр дэлгэрүүлж бичвэл зохиолтой тул энд нурших нь илүүц юм.
Ойрын жишээ дурдвал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Худал мэдээлэлтэй тэмцэх төв” байгуулах гэж буй тухайгаа энэ хоёрдугаар сард мэдэгдсэн. Нэг л зүйл хэлье. Худал мэдээллийн урсгалыг хүн төрөлхтөн хэзээ ч гүйцэхгүй. Түүнд итгэж, түгээж, итгэн үнэмшдэг хүмүүс л худал мэдээллийг хүчтэй болгодог. Үүнтэй тэмцэх нь мэдээж зөв. Гэхдээ үнэн, худлыг төр дэнслэх нь шал утгагүй хэрэг. Энгийнээр харж, эрүүл ухаанаар сэтгэвэл энд иргэдийн хэвлэл мэдээллийн боловсрол л чухлыг хялбар ойлгож болмоор шүү дээ. Цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж, үнэн бодитой мэдээллийг хүргэдэг төрийн бус байгууллагууд манай улсад үйл ажиллагаа явуулдаг байхад төр үүнд гараа дүрэх юм гэнэ. Дуртайгаа “худал” гэж үзээд ял шийтгэхгүй гэх баталгаа хаана байгаа вэ.
Үүнээс хэдэн жилийн өмнө Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн мэдүүлж, гурав хоногт яаралтай горимоор эцэслэн баталсан. Автор нь одоогийн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал. Цахим сүлжээ хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах, мэдээллийн урсгалыг хянах хууль боллоо хэмээн олон нийт эсэргүүцсэний дүнд тус хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьж, хүчингүйд тооцсон юм. Төрийн зүгээс энэ мэт дарангуйлал үнэртүүлсэн, хуульчлагдсан авторитар дэглэм тогтоох санаархал цухалзаж байсныг иргэд мартаж болох ч үйл явдал бүр цагаан дээр хараар бичигдэж, ул мөртэй үлддэгийг санах хэрэгтэй.
2024 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс өмнөх үзүүлэлтээсээ 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Ганцхан жилийн дотор. Авлигын индексээр долоон байр урагшилсан “амжилттай” ч урьд жилийнхтэйгээ ижил буюу 33 оноотой яваа. Дээрдээгүй, бас дордоогүй. Авлигын түвшин өндөр орнуудад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө хумигддаг. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр суртал ухуулгын шинжтэй, иргэдийн мэдэх эрхэд халдсан нэвтрүүлгийг цацаад удлаа. Улаан цагаан манипуляцдаж, тархи угааж байна. Бусдын асуудлыг мэдээлж, олон нийтийн анхааралд оруулдаг байж өөрсдийнх нь эрхийг илтэд хааж, боомилж байхад яагаад ийм номхон байгаа юм бэ, сэтгүүлчид ээ.
ГУРАВ.
Хааж, хориглоод хөгжсөн улс дэлхийд алга. Асуудалтай хориглож тэмцдэг улс “Үсрэнгүй хөгжлийн жилүүд”-д хүртлээ л өдий.
Хувийн өмч, өмчлөх эрх бол зах зээлийн эдийн засгийн суурь зарчим. Хувь хүний өмчийг төр дур мэдэн хурааж болохгүй. Уг нь хүний жам ёсны эрх, өмчлөх эрхийг хамгаалахад л хууль хэрэгтэй байдаг. Хувийн өмчгүйгээр ардчилал, эдийн засгийн эрх чөлөө ярих ямар ч боломжгүй. 2020 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Одоо зөвхөн төрийн зохицуулалттай зах зээл л байна” гэж хэлээд ангайлгаж байв. Ийм үг хэлэх байтугай, ардчилсан улсын Ерөнхий сайд чөлөөт зах зээл, өмчлөх эрхийн эсрэг шийдвэр гаргахыг завдахад л огцрох хангалттай шалтгаан болно.
Нэг хэсэг “Нураа” гэх “моод” дэлгэрэв. Төр өөрөө барилга барих зөвшөөрөл, газар олгочхоод эцэст нь нэгэнт баригдсан барилгыг нураах юм гэнэ. Халхавч нь “нийтийн эрх ашгийн төлөө”. Хууль бус газар олголт, авлигатай холбоотой асуудлын үндэс төрөөс гаралтай байтал зөвшөөрлийнх нь дагуу баригдсан барилга буюу хувийн өмчид ийм байдлаар халдах нь хүний эрхийн ухралт мөн байлтай.
Эцэст нь, манай улс ардчилал, түүний үнэт зүйлээ урьд хожид байгаагүйгээр алдаж байна. Засгийн газар нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлж, институтийг өөртөө нэгтгэх замаар засаглалаа хадгалж үлдэх сонирхолтой болчихлоо. Үүнийг авторитар популизм гэдэг. Гурван бүлэгт дурдсан үйл явдал бүхэн өнгөрсөн хугацаанд цухалзсан дарангуйлал, хүний эрхийн ухралтыг илтгэх олон жишээний цөөн нь. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, хязгааргүй эрх мэдлийг хязгаарлая. Эрх зүйт төр, хуулиар олгогдсон үндсэн эрхээ хамгаалахгүй бол бид дарангуйллын замналаар явсаар.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн