Мөнхтөрийн Лхагвагэрэл нь Завхан аймгийн Яруу сумын харьяат. 1998 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн. Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой. Аав шигээ бөх болохыг мөрөөдсөөр үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хойш хослуулан барилдаж байгаа. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад хийдэг. Монголын чөлөөт бөхийн хүнд жинд хамгийн өндөр амжилт гаргаж яваа тамирчин юм.
