Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Японоос дахин зээл авч Чингис хаан нисэх буудлыг өргөтгөнө

Японоос дахин зээл авч Чингис хаан нисэх буудлыг өргөтгөнө
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 6
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 5-ны хооронд Япон улсад айлчлал хийсэн.
Тус айлчлалаар хэд хэдэн зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр төслүүдийн хүрээнд Япон Улсаас манай улсад 270 сая иений үнийн дүн бүхий ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иений үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна.
Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн манай хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр талууд ярилцсан байна. ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бөгөөд ЖАЙКА-гийн төлөөлөл манай улсад ирж судалгаа хийх аж. Одоогоор хэдий хэмжээний ямар хугацаатай зээл авч, онгоцны буудлын хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл байхгүй байгаа аж.
Чингис хаан олон улсын нисэх буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагааны (ЖАЙКА) 65 тэрбум 657 мянган иений 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр барьсан. Тус нисэх буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагджээ.
  • Зурвасын хэмжээ - 3 600 м
  • Автомашины зогсоол - 825
  • Терминалын талбай - 37 000 м/кв
  • Цамхгийн өндөр - 41 м
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн