Open iToim app
Зочин | 7 мин уншина

С.Гантөмөр: Монголчуудын нэгдсэн үзэл санаа алдагдсан нь ёс суртахуунгүй нийгэм рүү хөтөлж байна

С.Гантөмөр: Монголчуудын нэгдсэн үзэл санаа алдагдсан нь ёс суртахуунгүй нийгэм рүү хөтөлж байна
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 7
Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлин хийдийн дэд хамба С.Гантөмөртэй ёс суртахуун, итгэл үнэмшил, сэтгэлийн амар амгалан, үйлийн үрийн талаар  ярилцлаа.
-Модон могой жил буюу шинэ жил эхэллээ. Хүмүүс энэ жил юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Жил гэдэг бол цаг хугацааны хэмжүүр. Бидэнд нэг жил олдож байна гэдэг юугаар ч хэмжээлшгүй үнэтэй зүйл. Дахиад нэг жил амьдарна гэдэг маш том боломж. Тийм учраас амьдралынхаа нэг жилийн сар, хоног, хором бүрийг үр дүнтэй байлгаарай гэж хүмүүст захимаар байна. Бид хүний биеийг чөлөө учралт эрдэнэт хүний бие гэж хэлдэг. Хүний бие чандмань эрдэнээс илүү. Хүний биеийг олсон дээрээ сайн үйл их хийвэл гэгээрэх, гэгээрэхгүй гэхэд хэчнээн төрөл дамжаад аз жаргалтай байх боломжтой. Иймд хүн болж төрнө гэдэг их эрдэнийн тивд ирсэнтэй адил гэдэг. Гэтэл дандаа буруу зүйл хийгээд явбал их эрдэнийн тивээс хоосон буцахтай адилхан.
-Бурхны ном ёс зүйн сургаал уу эсвэл сүсэг бишрэл үү?
-Бурхны номын гол суурь нь ёс зүйн сургаал. Хүн ёс суртахуунтай байхын хамгийн чухал зүйлсийн нэг нь сүсэг бишрэл байдаг. Сүсэг бишрэлтэй хүн ёс суртахуунтай байдаг. Ямар ч шашин, шүтлэгтэй байсан тухайн шашных нь номлол үнэн, зөв номлол бол хүний зөв явах үндэс болдог. Хүн адгууснаас аливаа зүйлийг эргэцүүлж, тунгааж зөв зүйлийг хийж, буруу зүйлийг тэвчиж чаддагаараа ялгаатай. Байр, хоол, үр төлөө үлдээх гэдэг зүйл адгуусанд ч бий. Хүн зөвхөн энэ гурвын төлөө явбал адгууснаас ялгарч чадахгүй.
-Ер нь таныхаар шашин гэж юу вэ?
-Шашин бол хүний зөвхөн энэ насны амьдралыг биш түүний цаана байгаа далд ертөнцийг номлодог зүйл гэж ойлгож болно. Шашин гэдэг нь шасана гэсэн санскрит үг. Утгачилбал сургаал гэсэн үг. Буддын шашин бол хүний дотоод сэтгэлийг татах сургаал юм.
-Тэгвэл та итгэл үнэмшил гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Итгэл үнэмшил гэдэг их өргөн хүрээтэй ойлголт. Гэхдээ итгэл гэдэг  үнэндээ найдвар юм.
-Бурхнаас ид шидийг хүсдэггүй хүн ховор. Ном уншуулж, засал хийлгэж, зурхай зуруулснаар үнэхээр ид шидийг бүтээх боломжтой юу?
-Уг нь бол буддын шашин хүнийг өөрийг нь сайжруулах арга замыг заагаад байгаа юм. Тэрхүү арга замыг өөр дээрээ хэрэгжүүлэх юм бол тухайн хүн хүссэн зүйлдээ хүрч болно. Гэтэл ихэнх хүмүүс шамдал хичээлийг нь хийхгүйгээр амархан үр дүнд хүрэхийг хүсдэг. Тийм учраас бурхнаас ямар нэгэн ид шидийг хүсдэг. Өөрөө юу ч хийхгүй байж байгаад бүх зүйл сайхан болох юм шиг ойлгодог. Гэвч бурхны шашинд хүн өөрөө юу ч хийхгүй бол хэн ч тусалж чадахгүй. Бурхан байсан ч адил.  Хамгийн гол нь хүний хичээл зүтгэл юм. Иймд бурхны сургаалд эрдэм бүгд хичээлийг дагаж ирнэ гэдэг. Үүнтэй адилхан монголчууд эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог гэж хэлсэн байдаг.
-Бурхны шашинд гэгээрэл гэдэг зүйлийг олон зүйл дээр номлосон ажиглагддаг. Гэгээрэлд хүрнэ гэж яг юу гэсэн ойлголт вэ?
-Буддын шашны хамгийн гол онцлог гэгээрлийг номлох юм. Амьтай бүхэн амар амгалан, аз жаргалтай байхыг хүсдэг. Товчхондоо хэлбэл зовлонг хүсдэг хэн ч байхгүй. Гэтэл бидний энэ ертөнцөд аз жаргал бүрэн дүүрэн байхгүй. Гэвч бид хүсдэггүй зовлонгуудтайгаа нүүр тулна. Энэ байдлаас бүрэн гарах арга зам байна уу гэдгийг бурхан багш хайсан. Тэгээд тухайн арга замыг олж, гэгээрээд, бусад шавь нартаа арга замаа заасан. Бид тухайн арга замыг хэрэгжүүлээд явж байгаа. Тийм учраас гэгээрэл гэдэг бол байдаг. Гэгээрэхийн тулд өөрийн сэтгэлийг гэгээрүүлэх, сайжруулах хэрэгтэй.
-Тэгвэл сэтгэлийн амар амгалан гэж юу вэ?
-Хүнд хоёр янзын амар амгалан байна. Нэгдүгээрт, эрхтэний таван мэдэл гэж буй. Үүнд бидний нүдээрээ хардаг, чихээрээ сонсдог, хамраараа үнэрлэдэг, хэлээрээ амталдаг, биеэрээ хүртдэг зэрэг багтана. Энэ таван мэдрэхүйгээрээ авч буй зүйлс амар амгалан байж болно. Мэдрэхүйн амар амгалангаас гадна дотоод сэтгэлийн амар амгалан гэж байгаа. Дотоод сэтгэлийн амар амгалан их байвал таван мэдрэхүйгээр дамжин ирж буй зовлонг ч тэсвэрлэж чаддаг. Жишээлбэл, дотоод сэтгэлдээ маш их зовлонтой байгаа хүний гадна талд хэчнээн сайхан зүйл байсан ч төдийлөн жаргаж чаддаггүй. Хэдий баян чинээлэг ч дотоод сэтгэлийн амар амгаланг олоогүй хүн маш их шаналал, зовлонтой байдаг. Тэгэхээр гадна талын зүйлсээс авах таатай мэдрэмжээс дотоод сэтгэлийн амар амгалан илүү чухал. Сэтгэлийн амар амгаланг ухаарлаар олж авдаг. Юмс үзэгдлийн болон өөрийнхөө зүй тогтлыг ухаарах ёстой. Би гэж юу вэ гэдгээ ойлгох ёстой. Тэгвэл хүнд дотоод амар амгаланг олох арга зам нээгдэнэ гэж үздэг.
-Одоогийн нийгэмд стресс их байна. Стрессийг хэрхэн даван гарах вэ?
-Стрессийг даван туулна гэдэг бодит байдалтай эвлэрнэ гэсэн үг. Үхэл, мөнх бусыг бурхны шашин хамгийн их ярьдаг. Яагаад гэвэл үхэл хамгийн бодитой. Хүн бүхэн үхнэ. Гэтэл хүмүүс үхлийг ярих дургүй байдаг. Уг нь хүн үхлийг бодохоор амьдрал их зөв болоод байгаа юм шиг санагддаг. Лам хүн бол өглөө болгон босоод үхлийн тухай бясалгах ёстой байдаг. Хэрэв бясалгаж чадахгүй бол нэг эрх унших хэрэгтэй гэж багш нар захидаг. Тэгвэл тухайн өдрийн амьдрал зөв болно гэдэг. Бидний амьдрал төгсгөлтэй. Төгсгөл нь хэзээ ирэхийг таашгүй. Гэхдээ хүн үхэхэд оюун санаа дуусна гэдэгт би итгэдэггүй. Оюун санаа заавал үргэлжилнэ. Өнгөрсөн хэчнээн зууныг судалсан, ирээдүйд ч гэсэн хэчнээн зууныг ч судалж чадах ухамсар яагаад үхэхээр байхгүй болно гэж. Нэг матери ч гэсэн цаашаа үргэлжилдэг. Тэгэхээр бидний энэ насны амьдрал ганцхан биш юм. Хэрэв дараагийн амьдрал байхгүй гэж бодвол зөвхөн энэ насанд сайхан амьдрахын тулд хүн бүх аргаа хэрэглэхэд хүрнэ. Иймд дараа дараагийн амьдрал гэж бий.
-Үйлийн үр гэж үнэхээр байдаг юм уу. Муу үйлдэл бүр муу үр дагавар авчирна гэвэл тэрийг нь үйлийн үр гэх үү?
-Үйлийн үр гэдэг бол байгалийн хууль. Иймд үйлийн үр байхаас өөр аргагүй. Хүн гэдэг бие мах бодь, оюун санаа хоёрын нэгдэл. Үхнэ гэдэг тухайн биеэс ухамсар салж буйг хэлж байгаа юм. Тухайн ухамсар дахин нэг төрлийг авна. Тухайн хүн үйлийн эрхээр дараагийн төрлөө авна. Энэ ертөнцөд амьдарч буй бүхэн өмнөх төрлийнхөө үйлийн үр. Зөвхөн бие махбод төдий биш сүнсийг л сайн эсвэл муу явах уу, ямар төрөл авах уу гэдгийг зохицуулдаг зүйлийг үйлийн үр гэж хэлээд буй. Дараа төрөлд энэ насанд цуглуулсан зүйлсээсээ хумхын тоос ч аваад явахгүй. Энэ насанд танилцсан, уулзсан ганц хүнтэй ч хамт явахгүй. Ганцаараа л урагшилна. Гагцхүү сайн үйлийн үр л дараа төрлөө олоход тус болно. Муу зүйл хийсэн бол тэр нь гай болно. Энэ дэлхийд үйлийн эрхээр төрсөн хүн бие махбодын хувьд зовлонгоос гэтлэхгүй. Харин сэтгэл санааны хувьд зовлонгоос гэтэлж болно.
-Ер нь номын хүч гэж байдаг биз дээ. Хийморийн сан уншуулсны дараа Бурхны номын хүчээр хийморь сүлд сэргэчихлээ гэж зарим хүн хэлдэг. Энэ нь Бурхны номын хүчний нөлөө юу, эсвэл тухайн хүний сэтгэлийн хүчний нөлөө юү?
-Ямарваа нэгэн засал ном хийхэд тухайн хүний сүсэг маш чухал. Мөн номын хүч ч чухал. Энэ хоёр зүйл харилцан ирж байж үйлчилнэ. Жишээ нь, гадаа нарны гэрэл хэчнээн сайхан хурц байсан ч бид хойшоо харсан харанхуй нүхэнд сууж байвал тухайн энергийг мэдрэхгүй. Түүнийг мэдрэхийн тулд нүхнээсээ гарч ирэх хэрэгтэй. Үүнтэй адилхан номын хүчийг мэдэрье гэвэл хүнд сүсэг бишрэл байх ёстой. Буддын шашны сургаалаар хийморь гэдэг бол хүний зөв бодол юм. Бодол нь зөв сайхан болохыг хүний хийморь сэргэлээ гэж хэлнэ. Түүнээс биш өндөр уулан дээр гараад мөнгөн аяганд архи хийж ууландаа өргөчхөөд, өөрөө тогтоохыг хэлэхгүй. Хийморь гэдэг бол "хий", "морь" гэсэн үг. Буддын шашинд бүх сэтгэл хөдлөл хий хөлөглөж байдаг. Хийний хүчээр сэтгэл хөдөлдөг. Тэгэхээр сэтгэлийг хөдөлгөдөг хийг нь зөв засчих юм бол зөв сэтгэл хөдөлнө. Буруу явуулаад байх юм бол буруу сэтгэл хөдөлнө.
-Монголчуудын ёс суртахуун ямар төвшинд байна гэж Та хардаг вэ. Хүмүүс ёс суртахуун, зарчим хааччихсан юм бэ гээд хайгаад байна?
-Ёс суртахуун гэдэг ихэнхдээ шашнаас бий болдог. Одоо ихэнх хүмүүс шашин шүтэхээс төвөгшөөж байна. Ялангуяа залуус. Шашин шүтнэ гэдэг тухайн шашны зан үйлийг хийгээд байхын нэр биш. Уг нь тухайн шашны сургаал, номлолыг нь ойлгоод түүгээр нь өөрийн амьдралыг зөв явуулахын нэр юм. Ийм болохоор ёс суртахуунтай байхын суурь байхгүй болоод байна. Монголчууд яагаад ёс суртахуунгүй, хэцүү болоод байгаад байна гэвэл бид нэгдсэн үзэл санаагаа алдсан. Одоо бид ямар ч үзэл санаагүй явж байгаа гэсэн үг.
Учир нь 1937 он хүртэл монголчууд бурхны шашин гэсэн үзэл санаатай явж байсан. Тодруулбал, бурхны шашинд бүх хүн итгэдэг байсан. Хэдийгээр бүх хүн сүм хийд дээр очиж ном уншуулдаггүй байсан ч үйлийн үр гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж байж. Нэг ёсондоо бурхны шашны номлолоор ёс суртахуунтай явдаг байсан.  Гэтэл 1937 онд бурхны шашныг устгаж, араас нь коммунизмын үзэл орж ирсэн.  Үүний дараагаар 1990 онд ардчилал гарч монголчууд үзэл санаагүй болсон. Тийм учраас дураараа юуг ч янз бүрээр хэлдэг. Жишээ нь, Европт ч юм уу, шашин шүтлэгтэй газар өөрийн шашнаа муу хэлдэггүй. Гэтэл монголчууд өнөө, маргаашийн сайн сайхны төлөө юуг ч хамаагүй хийж байна. Ямар нэгэн зүйл хийвэл ирээдүйд ирэх зүйлийг тооцоолохгүй хийж байгаа юм. Нэгдсэн үзэлгүй болохоор ямарваа нэгэн зүйлд хэт автаад байна. Мөн олон өөр үзэлтэй байх нь улс орны аюулгүй байдалд хүртэл заналхийлэх эрсдэлтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн